КОВИД-19 цар тахлын вакцинжуулалт дэлхий дахинд ямар түвшинд явагдаж байна, аль улс орнууд вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж яваа тухай нийтлэл Нью Йорк Таймс сонинд 4-р сарын 1-нд хэвлэгджээ. Уг нийтлэлд дэлхийн 82 улсын албан ёсны эх сурвалжаас авсан вакцинжуулалтын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн байна.
2021 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар дэлхий даяар нийт 596 сая тун вакцин тариад байгаа ажээ. Энэ нь 100 хүн тутамд 7.8 тун гэсэн үг. Эндээс харвал улс орнуудын вакцинжуулалтын цараа харилцан адилгүй, асар их зөрүүтэй байгаа юм. Тэргүүлэгчид хүн амынхаа тал хүртэлх хувийг вакцинд хамруулаад байгаа бол вакцинжуулалт эхлхээгүй улс орнууд ч байна.
Вакцинжуулалт эхлүүлсэн улс орнуудын ихэнх нь хүн амын эмзэг бүлэг болох эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй хүмүүс, 60-аас дээш насны ахмад настнууд түүнчлэн халдварын тэргүүн шугамд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа нараа вакцинжуулалтад нэн тэрүүнд хамруулжээ.
Түүнчлэн, Хойд Америк болон Европын өндөр хөгжилтэй орнууд вакцинжуулалтаа харьцангуй түргэн явуулж байгаа бол ядуу буурай улсууд, тэр дундаа Африк болон далайн орнуудад вакцинжуулалт хүртээмжгүй байгаа ажээ.
Тэгвэл Израйль улс 100 хүн тутамд 133 тун вакцин тарьж дэлхийд тэргүүлж байна. Израйлийн араас Арабын нэгдсэн Эмират улс (84 тун), Чили улс (54 тун), АНУ (45 тун) тус тус оржээ. Харин Монгол улс 100 хүн тутамд 9 тун тариад байгаа нь Азийн орнуудаас эхний хоёрдугаарт бичигдэж байна.
Монгол Улсын хувьд тавдугаар сард багтаж нэг сая иргэнийг дархлаажуулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Хэрэв энэхүү зорилтдоо хүрч чадвал Ази төдийгүй дэлхийд вакцинжуулалтаараа эхний эгнээнд орох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.