Өмнөд Солонгосын Тэжон хотын нэгэн сүмийн номлогч коронавирусийн вакцины талаар хуурамч мэдээлэл агуулсан зурагт хуудаснуудыг хэвлэн, сүмийнхээ гишүүнээр дамжуулан автобусны зогсоол, цахилгааны шонгууд дээр байрлуулсан болох нь ил болжээ.
Цагдаа нар энэхүү 66 настай номлогчийг гудамжны сурталчилгааны тухай хууль зөрчсөн хэргээр баривчилжээ. Уг номлогчийн сүмийн гишүүн болох 68 настай эмэгтэй нь эдгээр сурталчилгааны хуудсыг Инчон хот хавиар байрлуулсан бөгөөд түүнийг мөн адил хэрэгт буруутгаж байгаа юм.
Тус номлогч нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Ковид-19 вакцины чип таны амийг авч одно" гэсэн ташаа мэдээллийг агуулсан 10 мянган ширхэг зурагт хуудсыг хэвлэсэн аж. Уг ухуулах хуудсанд мөн "Вакцин дахь чип таны тархитай холбогдож, таны бодлыг компьютероор хянах болно. Та өөрийн эрх чөлөөгөө алдах болно. Чип агуулсан вакцин тариулсан олон хүн өвдөж зовж байна" хэмээн бичсэн байжээ.
Сэжигтэн эдгээр хуудсыг сүм дотроо хадгалан, гишүүддээ тараадаг байсан бөгөөд хэрэгт холбогдсон эмэгтэй өнгөрсөн хоёрдугаар сард уг зурагт хуудасны 33 хувийг Инчон хотын гудамжаар байрлуулан, хэд хоногийн дараа цагдаа нарт баригдсан байна. Гэвч энэхүү эмэгтэй өөрийгөө солонгос хэл сайн мэдэхгүй бөгөөд эдгээр зурагт хуудсыг сургаал номлол агуулсан сүмийн ухуулах хуудас гэж бодсон хэмээн мэдүүлжээ.
Мөрдөн байцаагчид одоо уг хэргийг Тэжон хотын Прокурорын газарт шилжүүлээд байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times