Ардчилсан намын даргын сонгуулийг үндсэн дүрмийн дагуу 2021 оны 3-р сарын 12-28-ны хооронд Дотоод сонгуулийн хорооноос амжилттай зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг сонгуульд АН-ын 74 мянган гишүүн идэвхтэй оролцон, үндсэн дүрэмд заасны дагуу биечлэн очиж саналаа өгсөн юм. Намын даргын сонгуульд өрсөлдсөн 4 нэр дэвшигчээс санал өгсөн нийт гишүүдийн 55 хувийн саналаар Одонгийн Цогтгэрэл ялалт байгуулсан гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос албан ёсоор зарласан.
Тиймээс намын нийт гишүүдийн итгэлийг хүлээн сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон батлах их хурлыг үндсэн дүрэмд заасны дагуу зохион байгуулах юм.
Намын даргыг ёсчлон батлах их хурлыг өнгөрсөн 3-р сарын 11-ний өдөр болсон ҮБХ-ны ээлжит бус хурлаар 4-р сарын 3 гэж товлон, зарласан. Тиймээс маргааш болох их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суман дахь Ардчилсан намын гишүүдийн төлөөлөл ирж оролцох юм. Нийт 1400 гишүүн Ардчилсан намын 8 дахь даргаар сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг ёсчлон батлах их хуралд төлөөлөгчөөр оролцоно.
Коронавируст цар тахлын хөл хорионы үед 1400 хүний бүрэлдэхүүнтэй их хурал хуралдуулж буй нь ардчилсан намын үндсэн дүрэмтэй зайлшгүй холбоотой.
АН өнгөрсөн 12-р сард Цахим их хурал хийж үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн баталсан ч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Үндэслэл нь намын үндсэн дүрэмд цахимаар их хурал хийнэ гэх зохицуулалт байхгүй байсантай холбоотой. Тиймээс бид үндсэн дүрмийнхээ дагуу асуудлаа шийдвэрлэх үүднээс их хурлыг цахимаар биш төлөөлөгчдийг биечлэн ирж оролцуулахаар ҮБХ-ны хурлаас шийдвэрлэсэн юм.
Коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлж их хурлыг танхимд бус задгай талбайд хийнэ. Их хурлын төлөөлөгчдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хуралд оруулахдаа халууныг нь хэмжин, хүн хоорондын зайг баримталж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар ажлын хэсэг бэлтгэлээ базаагаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.