Улаанбаатар хотод өвөлдөө халиа дош үүсэж, хавартаа шар усны үерт автдаг 29 цэг байдаг. Тэдний нэг болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос энэхүү шууд дамжуулалтыг бэлтгэн хүргэж байна.
СБД-ийн 18 дугаар хорооны нутагт өвөлдөө үүссэн мөсөн дош хавартаа хайлснаас шар усны үерт автаж, явган хүн зорчих боломжгүй болж, авто замын хавтангууд эвдэрчээ. Жилийн жилд ийм нөхцөлд ордог энэхүү газарт зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан нүүлгэх талаар тус хорооны Засаг дарга Ц.Цогт-Од ийн ярьж байна.
СБД-ийн 18 дугаар хорооны иргэн Н.Пүрэвдорж:
-Хаврын хаварт л шар усны үерт автаж байна. Хүн явахад, амьдрахад тун хүнд байна.
СБД-ийн 18 дугаар хорооны Засаг дарга Ц.Цогт-Од:
-Саяхан манай дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд ирж газар дээр нь танилцсан. Дүүргийн ЗДТГ-аас ч албаны хүмүүс ирсэн. Асуудлыг газар дээр нь шийдвэрлэсний хүчээр сүүлийн 20 хоногт суваг, шуудуу татаж, айл хунар руу арай ч орчихгүй болгоод байна. Ер нь манай энэ хавийн газарт өвөлдөө дош болж хөлдөөд, хавартаа гэсдэг онцлогтой газар.
Зөвшөөрөлгүй буусан айлууд хэд хэд байна. Энэ улаан дээвэртэй байшин гэхэд хоёр жил эзгүй байна. Намар нь байшин бариад явсан, өвөл нь хөлдөж хүн амьдрахын аргагүй болоод, хавартаа шар усны үерт автсан. Харин эдгээр хашаанууд бүгд зөвшөөрөлгүй. Иймд албадан буулгах талаар ярьж байна.
-Үерийн далан барих талаар яригдсан уу?
-Дүүрэг дээр үерийн усны сувгийн зураг төсөл гарч байгаа гэж дуулсан. Багагүй хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай юм билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.