Италийн тэнгисийн цэргийн нэгэн офицер ОХУ-ын цэргийн албан тушаалтанд нууц бичиг баримт өгч байгаад баригдсан болохыг орон нутгийн цагдаа нар мэдээлэв.
Албаныхан тэднийг тагнуул хийж, төрийн аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Хэрэгт холбогдсон итали офицер нь тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргын удирдлага дор ажилладаг тэнгисийн цэргийн харуулын хөлөг онгоцны ахмад аж.
Харин Оросын цэргийн албан тушаалтан нь Итали дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд эрх баригчид түүнийг улсаасаа албадан гаргахаар төлөвлөж байна. Ром дахь Италийн Гадаад хэргийн яам ОХУ-ын элчин сайд Сергей Разовыг албан ёсоор дуудан, Оросын хоёр албан тушаалтныг хөөж байгаагаа мэдэгджээ.
Хоёр сэжигтэн өнгөрөгч мягмар гарагийн орой Ром хотод нууцаар уулзсан бөгөөд энэ үеэр Италийн тусгай ажиллагааны алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, тэднийг баривчилсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр нууц бичиг баримтын солилцоо нь автомашины зогсоолд болсон бөгөөд Италийн офицер 5,000 евро буюу 5,900 ам.долларыг бэлнээр авсан аж.
Албаныхны хурааж авсан баримтууд "НАТО" эвслийн нууцыг агуулж байсан учир бусад улс орны үндэсний аюулгүй байдал ч мөн эрсдэлд ороод байж болзошгүй гэж Италийн "Corriere" сайтад мэдээлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эдгээр баримт бичиг нь цэргийн харилцаа холбоотой хамааралтай аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.