Японы хамгийн том нислэгийн компани болох Олл Ниппон Эйрвэйс нислэг үйлдэлгүй зогсоол дээр байгаа онгоцууддаа зоог барих үйлчилгээг санал болгож байна. Онгоцны нэгдүгээр зэрэглэлийн бүхээгт зоог барихад 540 ам.долларын үнэтэй ажээ.
Уг үйлчилгээний захиалга хэдийнээ дүүрсэн тул энэ дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр болсон байна. Цар тахлын улмаас олон улсын ихэнх нислэг зогссон байгаа тул эзэнгүй үлдсэн онгоцуудаа ашиглан орлого олох тухай бүтээлч санаануудыг нислэгийн компаниуд сэдэж байна.
Олл Ниппон Эйрвэйс компани нийслэл Токио хотын Ханеда нисэх буудалд зогссон Боинг 777 нисэх онгоцонд зоог барих саналыг гаргасан. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд зоог барихад 59,800 иен бол бизнес ангиллын суудалд хоёр дахин хямд буюу 29,800 иенээр зоог барих боломжтой ажээ.
Өнгөрсөн аравдугаар сард Сингапур Эйрлайнс нисэх буудал дээр зогссон Эйрбус А380 нисэх онгоцонд өдрийн зоог барих боломжийг үйлчлүүлэгчдэд санал болгосон юм. Энэ зоог 380 фунт стерлингийн үнэтэй байсан боловч хагас цагийн дотор л захиалга нь дүүрч байжээ.
Харин Британийн Бритиш Эйрвэйс нислэгийн компани онгоцны хоолыг үйлчлүүлэгчдэд гэрээр хүргэхээр болсон бөгөөд дөрвөн төрлийн зоог багтаасан цэс гаргасан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.