Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гурав дахь удаагаа улс даяараа хөл хорио, хорио цээрийн дэглэмд шилжих болсныг зарлалаа. Коронавирусийн халдвар хяналтаас гарахад ойрхон ирсэн тул дахин гурван долоо хоногийн турш хорио цээрийн дэглэм баримтлахаас өөр аргагүй болсон гэж Ерөнхийлөгч мэдэгджээ.
Ирэх долоо хоногоос эхлэн хорио цээрийн дэглэмийн хүрээнд сургуулиудыг эргэн хаахаар боллоо. Сурагчдад алсын зайны сургалт явуулна гэлээ. Мөн энэ долоо хоногийн бямба гарагаас эхлэн хүнснээс бусад дэлгүүр, худалдааны төвүүдийг хааж, зайлшгүй шаардлагагүй бол 10 км-ээс хол явахыг хориглож байна. Улс даяар 19:00 цагаас хөл хорих ба иргэдийг гэрээсээ ажиллахыг шаардаж байна.
Лхагва гарагт тус улсад коронавирусийн халдварын 60,000 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт 4,6 сая иргэн халдвар авч, 100,000 орчим хүн коронавирустэй холбоотой өвчлөлөөр нас барсан байна.
Ерөнхийлөгч Макрон телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ хэрэв одоо л арга хэмжээ авахгүй бол дөрөвдүгээр сард хяналтаа алдаж, маш хүнд байна гэдгийг хэлжээ. Коронавирусийн тархалтыг хянахтай зэрэгцэн вакцинжуулалтыг аль болох хурдацтай, өргөн хүрээтэй зохион байгуулах нь Ерөнхийлөгчийн өмнө тавигдаж буй томоохон шалгуур болж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.