АНУ-ын Боловсролын Департмент оюутны зээлийн өршөөлийн хөтөлбөрийн хүрээнд 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний өрийг тэглэсэн байна.
Эдгээр иргэд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын зээлийн өршөөлд хамрагдаад байсан боловч тодорхой бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүйн улмаас өршөөлийн хөтөлбөрөөс хасагдаад байжээ. Уг зээлийн өршөөл хэрэгжиж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван жилийн хугацаанд орлогын мэдүүлгээ өгөх шаардлагатай аж. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого тодорхой босго хэмжээнээс хэтэрвэл, эсвэл зохих баримт бичгийг цаг тухайд нь ирүүлээгүй бол тэдний өрийг сэргээдэг байна.
Гэвч эдгээр шаардлага, хязгаарлалт нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд Боловсролын Департментаас хөтөлбөрийн асуудлуудыг хүлээн зөвшөөрч, коронавирусийн цар тахлын үеэр зарим дүрэм журмыг зөөлрүүлсэн ба ирээдүйд өөрчлөлт, шинэчлэлт хийх асуудлыг авч үзэх болно гэж мэдэгджээ. Боловсролын Нарийн бичгийн дарга Мигель Кардона "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орлогын мэдүүлгээ бүрдүүлж өгөхийн тулд эрүүл мэндээ аюулд оруулж болохгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа 2019 онд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэдийн тоонд цэргийн ахмад дайчдыг оруулж, тэдний зээлийн шууд тэглэсэн билээ. Гэвч мэргэжилтнүүдийн тооцоолсноор оюутны зээлийн өршөөлд хамрагдах шаардлага хангасан АНУ-ын иргэдийн бараг 70 хувь нь өрөө тэглүүлж чадаагүй байгаа бөгөөд тэдний өр нийт 14 тэрбум ам.долларт хүрч байгаа юм.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.