Швейцарь улсын арми эмэгтэй алба хаагчдыг эмэгтэй дотуур хувцас өмсөхийг анх удаа зөвшөөрчээ. Ингэснээр илүү олон эмэгтэй цэргийн албанд татагдана гэж үзсэн байна.
Одоо хэрэгжиж байгаа дүрэм журмаар цэргийн стандартын дүрэмт хувцсанд зөвхөн эрэгтэй дотуур хувцас өмсөхийг зөвшөөрдөг тул цэрэгт татагдсан эмэгтэйчүүд эрэгтэй дотуур хувцаснаас өөр дотуур хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй ажээ.
Харин ирэх сараас эхлэн хүйтэн болон дулаанд өмсөх хоёр төрлийн эмэгтэй дотуур хувцсыг цэргийн эмэгтэй алба хаагчдад тарааж өгөн, туршихаар болжээ. Швейцарийн зэвсэгт хүчний нэг хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ тоог 2030 он гэхэд 10 хувь болгон нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Үндэсний зөвлөлийн гишүүн Марианне Байндер эмэгтэйчүүдийг армид элсүүлэхийн тулд тэдэнд илүү тохиромжтой дотуур хувцас хэрэгтэй гэжээ. Учир нь дүрэмт хувцаснууд зөвхөн эрчүүдэд зориулсан байдаг тул эмэгтэйчүүдэд илүү ээлтэй шийдвэр гаргах ёстой хэмээн тайлбарласан байна.
Эрэгтэй дотуур хувцаснууд ихэвчлэн том байдаг тул эмэгтэй алба хаагчдад маш тухгүй байдаг ажээ. Эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дотуур хувцасны зуных нь богино, өвлийнх нь урт байхаар төлөвлөсөн байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Виола Ахмерд уг шийдвэрийг таатайгаар хүлээж авч дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Сонирхуулахад Швейцарийн армийн одоо байгаа дүрэмт хувцасны загвар 1980-аад онд гаргаж байсан хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.