Мьянмарын зүүн хэсэгт оршин суудаг олон мянган Карен угсаатны иргэд өнгөрөгч мягмар гарагт аюулгүйн хүчнийхний агаарын дайралтад өртөж, зургаан иргэн амиа алдан, 11 хүн шархаджээ.
Үүнээс өмнө тус бүс нутгийн олон оршин суугч хөрш зэргэлдээ Тайланд улс руу дүрвэсэн хэдий ч удалгүй гэртээ буцаж ирсэн юм. Зарим хүмүүнлэгийн байгууллагууд Тайландын цэргүүд Мьянмарын дүрвэгсдийг албадан гэрт нь буцаасан гэж мэдэгдэж байгаа боловч Тайландын Ерөнхий сайд уг явдлыг үгүйсгэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон агаарын довтолгооноос зугтсан тосгоны иргэд өөрсдийн хүслээр гэртээ буцсан хэмээн тэмдэглэжээ.
Мьянмарын цэргүүд агаарын довтолгоо үйлдсээр байгаа нь харилцан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн явдал гэдгийг Карен хүмүүсийн төлөөлөл болох Карены Үндэсний Холбооноос онцолсон байна. Тус улсын зүүн хэсэгт нөхцөл байдал улам хурцдаж байгаа бөгөөд Карен угсаатнууд хариу арга хэмжээ авна гэдгээ зарлаад байгаа юм.
Карены Үндэсний Холбоо нь Карен ард түмний хараат бус байдлын төлөө тэмцсээр ирсэн бөгөөд тус угсаатны иргэд Мьянмарын цэрэг армийн байгууламж руу халдан, эсэргүүцэл үзүүлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн агаарын дайралтууд нь уг явдлын эсрэг арга хэмжээ байж магадгүй юм.
Мьянмар улсад төрийн эргэлт гарснаас хойш дор хаяж 510 иргэн цэргүүдийн гарт амь үрэгдсэн болохыг орон нутгийн Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгээс мэдээлжээ. Түүнчлэн одоогоор 2,574 хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр саатуулагдаад байгаа аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.