Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерны санаачилж, Парламентад дэмжсэнээр цалингийн доод хэмжээг цагт 20 ам.доллар болтол нэмэгдүүлж, чинээлэг ажил олгогчдод оногдуулах татварыг 39 хувь болтол өсгөжээ. Энэ шийдвэр нь нийгмийн олонхийг эзэлж байгаа энгийн ард иргэд, эмзэг давхаргынхныг дэмжихэд тусална гэж Ерөнхий сайд үзэж байна.
Хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт энэ долоо хоногийн пүрэв гарагаас хэрэгжиж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 1,14 ам.доллараар нэмсэн нь 175,500 ажилчинд үр шимээ өгнө гэж тооцжээ. Харин татварын нэмэлт өөрчлөлт нь жилд 180,000 ам.доллараас илүү орлого олдог бүх хүнд үйлчлэх ба ийм өндөр хэмжээний орлоготой хүмүүс Шинэ Зеландын таван сая иргэний хоёр хувийг нь эзэлдэг байна. Татварыг нэмснээр улсын төсвийн жилийн ашиг орлого энэ жил 550 сая ам.доллараар өснө гэж тооцжээ.
Олон улсын судалгааны байгууллагын мэдээллээр Шинэ Зеландын улсын 2019 онд тогтоогоод байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн өндөр цалин хөлстэй дэлхийн эхний таван улсын нэгт хэдийнээ багтаад байсан юм. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан дэлхий даяар ихэнх хөдөлмөр эрхлэгчид цалингийн доод хэмжээгээр ажиллах болсон. Тиймээс 2020 онд үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхийг уриалах болсон.
Ийнхүү Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн сонгуулийн өмнө сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлж чадлаа. Гэсэн ч үргэлжлүүлэн байр орон сууцыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг өсгөх, ажлын байр бий болгох зэрэг хийх олон зүйл байгаа гэдгийг тэрээр энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.