Наран ургах Япон оронд хавар ирсний дохиог интоорын модод цэцэглэхийг хараад мэдэж болдог. Тус улсад интоорын модод хэдийнээ цэцэглэж эхэлсэн бөгөөд энэ нь 1,200 жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэсэн явдал болсныг мэдээлжээ.
Осакагийн их сургуулийн судлаач эрдэмтдийн мэдээлснээр Киото хотод гуравдугаар сарын 26-ны өдөр хавар ирсний дохио болж интоор цэцэглэсэн байна. Эрдэмтэд хавар эрт ирж байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэдгийг мэдээлсээр ирсэн билээ.
Манай эриний 812 онд эзэнт гүрний үеийн бичиг баримт, тэмдэглэлийг сөхвөл Япон улсад тухайн жил урьд хожид үзэгдээгүйгээр хаврын улирал эрт ирж, гойд дулаахан байжээ. Үүний дараа 1409 онд гуравдугаар сарын 27-ны өдөр интоор цэцэглэж байсан нь эрт хавар ирсний дохио байсныг мөн тэмдэглэн үлдээсэн байна.
Сакура цэцэг хэдхэн хоног дэлбээлдэг боловч энэ үе япончууд төдийгүй Японыг зорьсон аялагч жуулчдын хувьд тун чухал үе юм. Үзэсгэлэнт цэцэгс иргэдийг баясгахаас гадна эдийн засгийн болоод түүх соёлын өндөр ач холбогдолтой ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.