Дэлхий даяар 128 сая хүн халдварлаж, гурван сая орчим иргэн нас барсан коронавируст цар тахлыг амьтнаас болон лабораториос алдагдсан гэсэн олон янзын таамаг дэвшүүлсэн байдаг. Харин ДЭМБ-ын ноорог тэмдэглэлд Ковид-19 цар тахал 2019 оны 12 дугаар сард илрэхээс 1, 2 сар орчмын өмнө амьтнаас үүссэн тухай дурджээ.
Уг мэдээллийг Уханьд ажилласан ДЭМБ-ын олон улсын хамтарсан эрдэмтдийн баг гаргасан байна. Албан ёсны эцсийн дүн мэдээг тун удахгүй лхагва гараг гэхэд дэлхийн нийтэд мэдээлнэ гэжээ.
CNN агентлагийн нийтэлснээр эрдэмтэд хагас боловсруулсан амьтны мах, зэрлэг ан амьтан, фермэд өсгөсөн тэжээвэр амьтдын аль нэгээс нь халдвар үүссэн байж магадгүй гэж үзсэн байна. САРС-КоВ-2 вирус нь сарьсан багваахай, хайрст үлд гэж ч нэрлэгддэг панголин гэгч амьтанд байдаг бөгөөд сарьсан багваахайнаас бусад амьтанд халдварласан нотолгоо олоогүй гэдгийг дурджээ.
Хамгийн чухал нь энэ төрлийн коронавирус 2019 оны 12 дугаар сараас өмнө ямар нэгэн лабораторид судалсан болон алдагдсан ул мөр байгаагүй гэж ДЭМБ-ын олон улсын эрдэмтдийн баг үзсэн байна.
Шинжээчдийн багийн мөрдлөг шалгалтын явцад хөлдөөсөн амьтнаас коронавирус тархаагүй ба Уханийн Хуанан далайн амьтны захын байдал тодорхойгүй гэжээ. Тиймээс уг захаас коронавирус үүсээгүй байж ч болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл Хуанан захаас вирус илрэхээс өмнө хэдийнээ байгалийн жамаар амьтнаас хүнд халдварлачихсан байсан гэж таамаглаж байна.
Олон улсын эрдэмтдийн баг энэ жилийн нэгдүгээр сарын 14-ний өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл 28 хоногийн хугацаанд Уханьд ажилласан.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.