Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ энэ өдөр цар тахалтай цаг наргүй тэмцэн ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч нартай уулзан талархал илэрхийлж, баярын мэнд хүргэн, санал бодлыг нь сонслоо.
Энэ үеэр тэрээр Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсон таатай мэдээг дуулгасан юм.
Тодруулбал, КОВИД-19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг тэрээр мөн хэллээ.
Л. Оюун-Эрдэнэ: Энэ удаад хөл хорио тогтоовол 4-р сардаа багтааж 1 сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүн гарна
Ерөнхий сайдыг ХӨСҮТ-д ажиллах үеэр тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ тэрээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцууллаа.
ЭМЯ халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх, улмаар 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг гаргаж УОК өчигдөр дэмжсэн. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх юм.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид мөн хэлж байлаа.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.