Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонаро Засгийн газрын танхимынхаа зургаан сайдыг сольж, хоёр жилийн өмнө төрийн эрх барьснаас хойш хамгийн том халаа сэлгээгээ хийлээ. Түүний сольсон сайд нарын дунд Гадаад хэрэг, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Хуульзүйн салбарын сайд нар ч багтжээ.
Ойрын үед Ерөнхийлөгчийн коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ олон нийтийн хурц шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Тус улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын тогтолцоо сүйрлийн ирмэг дээр тулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Бразилд 12 сая гаруй иргэн коронавирусээр халдварлаж, 300,000 гаруй хүн нас бараад байгаа.
Ерөнхийлөгч Болзонаро цар тахлын үед хөл хорихыг эсэргүүцэж, эдийн засаг сүйрвэл цар тахлаас ч илүү хүнд гарз тохионо гэж үзсэн.
Гадаад хэргийн сайд Эрнесто Араужо Ерөнхийлөгчийн ойрын туслах байсан боловч Бразилийн олон улсын тавцанд эзлэх байр суурийг ганхуулсан гэж үзсэн тул ихээхэн шүүмжлэн, албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гадаад хэргийн сайд вакцины чанарыг муу гэж үзсэнээр Энэтхэг, Хятад, АНУ-тай харилцаанд сэв суулгасан гэв. Гадаад хэргийн шинэ сайдаар Карлос Алберто Франког томилж, Батлан хамгаалахын шинэ сайдаар Уолтер Соуц Брага Неттог томилсон байна.
Бразилийн шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Марсело Куэрога АНУ-аас Пфайзер/БиоНТек-ийн вакциныг татан авах ажлыг түргэсгэхээ мэдэгдсэн ажээ. Куэрога нь өнгөрсөн нэг жилийн турш солигдон томилогдсон Эрүүл мэндийн дөрөв дэх сайд болж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.