Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан. Улмаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой юм.
Энэ оны гуравдугаар сарын 01-нээс 10-ны өдрийг дуустал хугацаанд аймаг, нийслэлтийн сонгуулийн хороонд ажиллахаар нийт 420 төрийн албан хаагч цахимаар бүртгүүлж, сургалтад хамрагдсан. Харин гуравдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд сорилын шалгалтыг мөн цахимаар зохион байгуулж, сорилын шалгалтад хангалттай оноо авсан, төрийн албан хаагчид тавих тусгай шаардлагыг хангасан 198 албан хаагчийг томилжээ.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн хороодод ажиллах хүнийг 30-40 хувийн нөөцтэй байхаар тооцож, 105 төрийн албан хаагчийг нөөцөд бүртгэлээ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.