Эквадорын Балтра арлын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд нэгэн тээшнээс гялгар уутанд ороосон 185 ширхэг яст мэлхийн зулзагыг илрүүлжээ.
Яст мэлхийнүүдийг Галапагосын арлуудаас эх газар руу тээвэрлэж байсан бөгөөд гаалийн ажилтнууд тээшийг шалгаж байхдаа сэжиглэн, онгойлгож үзсэн байна. Албаныхны хурааж авсан яст мэлхийн зулзагууд гурван сар хүрээгүй нялх байсан бөгөөд тэдний арав нь үхсэн байжээ.
Галапагосын яст мэлхийнүүд чамин амьтдын зах зээл болон амьтан цуглуулагчдын дунд эрэлттэй байдаг бөгөөд хууль бус наймааны улмаас ихээхэн аюулд өртдөг байна. Зэрлэг ан амьтны наймаатай тэмцэж буй мэргэжилтнүүдийн мэдээлснээр хууль бус наймаачид эдгээр яст мэлхийний зулзага тус бүрийг 5,000 ам.доллар ба түүнээс дээш үнээр зардаг аж.
Эквадорын Байгаль орчны сайд Марсело Мата энэхүү хэргийг тус улсын зэрлэг амьтан, байгалийн өвийн эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон байна. Тус улсын хуулиар Галапагосын арлуудаас зэрлэг амьтан хууль бусаар хил давуулсан тохиолдолд нэгээс гурван жилийн хорих ял оноодог аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хохь нь хулгайчидаа