Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн цөөрөмд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн орой гарсан.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоос арав гаруй хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ирж, тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү дөрвөн хүүхэд нь амиа алдсан юм.
Уг хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй шүүх хурал нь дөрвөн удаа хойшлоод байгаа талаар өнөөдөр амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрээс хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг гэр бүлийн 12, 15 настай хүүхдүүд байсан юм.
Хүүхдүүдийн аав: Мэргэжлийн байгууллагаас буруутай үйл ажиллагаа явуулсан хэмээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 10 сая төгрөг, “Ханталс” ХХК-ийг таван сая төгрөгөөр торгосон. “Ханталст” ХХК-ийг зөвхөн хариуцагчаар татсан. Ямар учраас шүүх хурал хойшилж байгааг мэдэхгүй байна. Тус компани гурван өмгөөлөгч авсан байна лээ. Компанийн зүгээс сэтгэл санааны хохирол барагдуулна гэсэн. Тус компанийн захирал шүүх хуралд оролцож байгаа.
Амиа алдсан нэг хүүхдийн аав: Компанийн зүгээс буяны үйл ажиллагаанд зарцуулаарай хэмээн хоёр сая төгрөг өгсөн. Өнгөрсөн 12 дугаар сард дөрвөн хүүхдийн гэр бүлд хоол хүнсний тусламж хэмээн нэг сая төгрөг өгсөн.
-“Ханталст” ХХК-иас ар гэрийнхэнтэй тохиролцон 20 сая төгрөг өгсөн гэсэн та бүхэн авсан уу?
-Тийм зүйл байхгүй. Ар гэрийнхэн тохиролцоод 20 сая төгрөг хүссэн. Одоогоор бидэнд өгсөн зүйл байхгүй байна. Өнөөдрийн шүүх хурал хэрхэн шийдэгдэхгүй мэдэхгүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.