Египет улсын Сохаг мужийн Тахта хотын ойролцоо зорчигч тээврийн хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдөж осолджээ. Галт тэрэгний чингэлгүүд замаас гарч өнхөрсөн бөгөөд уг ослоор багадаа 32 хүн амь насаа алдаж, 165 хүн гэмтэж бэртсэн байна.
Уг осол нь санамсаргүй осол биш байсан бөгөөд үл таних этгээд санаатайгаар урд явж байсан галт тэрэгний ослын тоормозыг идэвхжүүлснээр ард явж байсан галт тэрэг ирж мөргөжээ. Ерөнхийлөгч Абдул Фаттах эл Сиси буруутай этгээдэд хариуцлага тооцож, зохих ёсны ял шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.
Осол нийслэл Каир хотоос 365 км зайтай болжээ. Галт тэрэгнүүдийн нэг нь Луксор болон Александриа хотуудын хооронд зорчиж байсан бол нөгөө нь нийслэл Каир болон Асван хотуудын хооронд явж байжээ.
Ослын газарт түргэн тусламжийн 70 орчим машин иржээ. Нөхцөл байдал хүнд, галт тэрэгнүүд өнхөрсөн байгаа тул дотроос нь амьд хүмүүсээ гаргаж аврахад ч хүндрэлтэй байгааг гэрчүүд хэлжээ.
Ерөнхий сайд Мустафа Мадбули ослын газарт очиж, хохирол амссан гэр бүлүүдэд нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.