АНУ-ын Алабама мужийг өнгөрөгч пүрэв гарагт нийт найман хар салхи дайрч өнгөрөн, дор хаяж таван хүний аминд хүрчээ. Мөн мод, байшингууд нуран унаж, 35,000 гаруй хүн тог цахилгаангүй болсон бөгөөд тодорхойгүй тооны хүн гэмтэж бэртсэн байна.
Нас барсан иргэд тус мужийн зүүн хэсэгт орших Калхоун бүсийн оршин суугчид байжээ. Харин Шэлби бүс нутгийн зарим байшин тэр чигтээ нурж унасан гэж тус бүсийн Засаг дарга Жон Саманиего мэдээлсэн юм.
Одоогоор тус мужийг найман хар салхи дайран өнгөрсөн гэж тогтоогоод байгаа хэдий ч эрдэмтэд үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийж байгаа ба энэ тоо өсөж магадгүй гэдгийг АНУ-ын Үндэсний цаг уурын албаны цаг уурч Жон Де Блок тэмдэглэжээ. Түүний хэлснээр Алабама мужийн баруун өмнөд хэсэгт үүссэн хар салхи ойролцоогоор 161 км-ийг туулж, газар дээр нэг цаг 20 минутын турш идэвхтэй байсан аж.
Эрэн хайх, аврах ажиллагаа нь цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас ихээхэн хүндрэлтэй байгаа бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна.
Түүнчлэн удалгүй тус улсын Миссисипи, Жоржиа, Теннеси, Кентукки мужуудад их хэмжээний хур тунадас унаж, аюултай үер буун, хар салхи үүсэж магадгүй талаар цаг уурчид анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.