Дэлхийд алдартай хүн дүрст робот болох Софиягийн зурсан өөрийнх нь хөрөг зураг дуудлага худалдаагаар 688,000 гаруй ам.доллароор зарагджээ.
София өөрийнхөө нүүрний дүр төрхийг дүрсэлсэн уг бүтээл нь сүүлийн саруудад урлагийн зах зээлд хувьсгал хийсэн "NFT" буюу блокчэйн дижитал технологиор хамгаалагдсан токен хэлбэрээр зарагдсан байна.
Энэхүү зургийг блокчэйн хөрөнгө оруулалтын "Eterna Capital" компанийн түнш, уран бүтээлч Андреа Бонасетотой хамтран бүтээжээ. Бонасето эхлээд Софиягийн хөрөг зургийг тод өнгөөр зурсан бөгөөд үүнийг София мэдрэлийн сүлжээгээрээ боловсруулан, дараа нь уг зургийг өөрийнхөөрөө дүрсэлсэн байна.
"Энэ зургийг София ямар ч хүний туслалцаагүйгээр, өөрийн гаргасан шийдвэрт бүрэн үндэслэсэн бүтээсэн" гэж цахим дуудлага худалдааг зохион байгуулсан "Nifty Gateway" компани мэдэгджээ. Тус роботын "NFT" хөрөг зураг нь Бонасетогийн зурсан зургаас Софиягийн бүтээл рүү шилжиж буй 12 секундийн бичлэг бөгөөд дуудлага худалдааны хүрээнд эх зургийг ч мөн өгөх аж.
Хонконгт төвтэй "Hanson Robotics" компанийн бүтээсэн София робот нь хэл ярианы чадвар, хүн мэт хөдөлгөөн, нүүрний хувирал зэргээрээ дэлхий дахинд алдартай болсон билээ. Түүнийг анх 2016 онд олон нийтэд танилцуулснаас хойш София ток шоу нэвтрүүлэгт оролцож, хурал, зөвлөгөөн дээр үг хэлэхийн хажуугаар Саудын Арабын иргэншилтэй болж, улс орны харьяалалтай анхны робот болсон юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.