Африк тивийн заанууд хулгайн ан болон амьдрах орчны доройтлоос болж устаж үгүй болох эрсдэл нэмэгдсээр байгааг байгаль хамгаалагчид анхааруулж байна.
Баруун Африк, Конгогийн сав газар нутгаас гаралтай Африкийн ойн заануудыг Олон улсын байгаль хамгаалах холбооноос нэн ховордсон амьтан гэж тодорхойлон, шинэ "Улаан жагсаалт"-д оруулжээ. Харин хуурай газрын хамгийн том амьтан болох саванн нутгийн зааныг ховордсон амьтдын жагсаалтад нэмж оруулсан байна.
Африкийн эдгээр хоёр зүйлийн заан нь тус тив даяар түгээмэл тархсан боловч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тоо толгой нь мэдэгдэхүйц цөөрсөн юм. Мэргэжилтнүүдийн судалгааны дагуу ойн зааны тоо толгой сүүлийн 31 жилийн хугацаанд 86 гаруй хувиар буурсан бол саванн нутгийн зааны тоо хагас зуун жилийн хугацаанд 60 хувиар буурчээ.
2008 оноос хойш зааны соёоны төлөөх хулгайн ан агнуур ихэссэн тул хоёр төрөл зүйлийн зааны тоо толгой огцом буурсан байна. Олон улсын зааны соёоны худалдааг 1989 онд хориглосон хэдий ч хулгайн ан огт зогсоогүй бөгөөд заанууд аюулд өртсөөр байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар зааны хулгайн ан 2011 онд дээд цэгтээ хүрсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн тооцооллоор Африк тив даяар нийт 415,000 заан үлдээд байгаа аж.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.