АНУ-ын Жеоржиа мужид үйл ажиллагаа явуулдаг авто засварын газар ажилчныхаа сүүлчийн цалин болох 915 ам.долларыг өгөхдөө цөмийг нь 91,500 ширхэг тосонд хутгалдсан нэг центийн зоосоор төлсөн байна.
Андреас Флэтен гэгч Жеоржиа мужийн Пийчтрий хотод байдаг A Ok нэртэй авто засварын газрын менежерээр ажиллаж байгаад хүүхдээ өдөр өнжүүлэх төвөөс авахын тулд ажлаа түр орхих болсон боловч энэ нь ажил олгогчтой маргах гол шалтгаан болж, улмаар өнгөрсөн жилийн 11 дүгээр сард ажлаасаа гарсан байна.
Засварын газрын зүгээс Флэтенд 91,500 ширхэг тосонд хутгалдсан нэг центийн зоосоор цалинг нь илгээсэн талаар албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй ч засварын газрын эзэн Майлс Уолкер CBS46 сувагт өгсөн яриандаа менежерээ ажлаас гарахад нь их хэмжээний зоос илгээснээ санахгүй байна гэжээ. Түүнчлэн тэр цалингаа авсан л бол боллоошдээ хэмээн хэнэггүй хэлжээ.
Флэтенийг ажлаас гарахад түүний сүүлчийн цалинг засварын газраас олгохгүй байсан тул гурван ч удаа АНУ-ын хөдөлмөр зохицуулалтын газраас шаардлага хүргүүлсний эцэст ирсэн нь олон мянган ширхэг бохир зоос байжээ.
Энэ явдлыг Флэтений найз бүсгүй Оливиа Оксли бичлэг болгон Инстаграм хуудсандаа байршуулсан байна. Нэг центийн зооснуудыг угааж, савандаж, цуугаар цэвэрлэхийг оролдсон боловч бохир тос нь арилаагүй тул даахын аргагүй хүнд ачааг гараашдаа тэргэнцэрт хийгээд орхижээ. Хоёр цагийн турш угаасны эцэст ердөө таван ам.доллартай дүйцэх хэмжээний зоосыг цэвэрлэж авсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.