Энэтхэг улсад ойрын өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хоногт 47,262 тохиолдол бүртгэгдэн, 275 хүн нас барсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд хоёр дахин хувирсан коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлсэн тухай мэдээлжээ.
Вируст хоёр удаагийн хувирал өөрчлөлт давхацсан тохиолдолд тархалт нэмэгдэхийн зэрэгцээ вакцин бага нөлөөлж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улсын 18 мужийн 10,787 дээжээс шинжилгээ хийхэд хоёр дахин хувирсан коронавирус 771 тохиолдол дээр илэрчээ. Уг вирусээр өвчилсөн тохиолдол Их Британид 736, Өмнөд Африкт 34, Бразил улсад нэг бүртгэгдээд байгаа юм.
Энэтхэгийн SARS-CoV-2 геномикийн холбоо болон Эрүүл мэндийн яамны харьяа 10 лабораторид сүүлд бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбарын геномикийн дараалал, уршгийг судалж байна. Ингэснээр тухайн организмын генийн кодыг ажиглах боломжтой болно.
Мутацид орж хувирч өөрчлөгдөх тохиолдол вируст түгээмэл бөгөөд тэдний дийлэнх нь төдийлөн ноцтой биш, халдварлах болон өвчлөх байдлыг өөрчилдөггүй байна. Гэхдээ Их Британи, Өмнөд Африкт бүртгэгдсэнтэй ижил вирус халдварлах чадамж өндөр, илүү үхлийн аюултай байж болзошгүй.
Энэтхэгийн нян судлаач Шахид Жамилын тайлбарласнаар вирусийн уургийн бүтцийн ойролцоо хоёр дахин өөрчлөлт орсон вирус дээр дурдсан эрсдлүүдийг нэмж, дархлааны тогтолцооноос гадуур өнгөрөх боломжийг олгож болзошгүй ажээ.
2021 он гарснаас хойш коронавирусийн халдварын тархалт хамгийн өндөр түвшиндээ хүрсэн нь хоёр дахин хувирсан шинэ хувилбартай хамаагүй гэж Энэтхэгийн Засгийн газраас дүгнэсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.