Монгол Улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр өнөөдөр болж байна. ЭМЯ-наас Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон учир тэр дүүрэгт халдвар өндөр байна, сэрэмжил гэх зэрэг мэдээлэл хүргэхээс илүү хүн бүрийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулъя. Халдвар авч байгаа хүмүүсийн хувьд, 25-44 насны, эмэгтэйчүүд голдуу, нийгмийн идэвхтэй, гадуур ажил амжуулж явдаг хүмүүс хамгийн ихээр өвдөж байна. Мөн 60-аас дээш насны өвчтөнүүд илүү их хүндэрч, нас барах тохиолдол байна.
Нэг хүн өвдөхөд цаана нь дөрвөн хүн өвдөх эрсдэлтэй байгаа аж. Иймээс агааржуулалт муутай орчинд амны хаалтаа авах, хоорондоо гар барих, контакт үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй байна. Хамтдаа хичээж байж хөл хорио тавихгүйгээр улс орны эдийн засгийг хэвийн байлгах тал дээр хүн бүрийн дэмжлэг хэрэгтэй байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Түүнчлэн хүмүүс коронавирусийн халдварыг зүгээр нэг ханиад мэтээр ойлгох байдлаа болихыг уриаллаа. Энэ бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Мөн хөдөө орон нутагт халдвар гарч байгаатай холбоотойгоор нэгнээ ялгаварлан гадуурхалт нэмэгдэж байна гэсэн гомдол ирж байгаа аж. Энэ бол байж болшгүй ноцтой зүйл гэдгийг ЭМЯ онцлоод "ЭМЯ-наас ийм зүйл байж болохгүй гэдгийг уриална, харин хүний эрхийн байгууллагууд шалгах, арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.