Умард Солонгос улс пүрэв гарагт Японы тэнгист өнөөдөр өглөө 07:00-07:30 цагийн хоёр баллистик пуужин харваж туршилт хийсэн талаар Япон болон АНУ-ын эх сурвалжууд мэдээллээ. Тус улс долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийж байна. Өнгөрсөн ням гарагт Умард Солонгос Шар тэнгист пуужин харвасан нь баллистик пуужин биш байсан тул НҮБ-ын тогтоол шийдвэрийг зөрчсөн болон өдөөн хатгасан үйлдэл байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд байсан юм.
Японы Ерөнхий сайд Ёшихиде Суга пүрэв гарагийн туршилт бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл боллоо гэжээ.
Одоогоор Умардын харвасан баллистик пуужин ойрын, дундын, холын аль зайных болох нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын цэрэг арми, тагнуулын албаныхан пуужин хэр хол харвасан болон ямар төрлийнх байсныг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: CNN, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.