Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Баянхонгор аймагт 20 иргэн нэвтэрсэн бөгөөд “Сэмжид хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлсэн 5 иргэн үүнд багтаж байгаа юм. Тус сумаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд шууд шилжүүлж, шинжилгээг Улаанбаатар хотруу явуулаад байсан билээ. Тэгвэл өчигдрийн 14 цагт шинжилгээний хариу гарч "Сэмжид хужирт" сувилалд амарсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, Баянхонгор аймаг улбар шар түвшин рүү шилжлээ.
68 настай иргэн С нь энэ сарын 15-21-ны хооронд тус рашаан сувилалд амарсан байна. Тус иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тусгаарлан эмчлэх тасагт шилжүүлж эмчилгээг эхлүүлээд байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн.
Коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн хэмжээнд улбар шар түвшинд шилжүүлж, тус аймаг руу орж, гарах хөдөлгөөнийг долоо хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.
Захирамжийн хүрээнд:
Улбар шар түвшинд шилжиж буйтай холбогдуулан аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаатай хязгаарлаж, Улаанбаатар хот руу зорчих иргэдийг нийслэлийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, Улаанбаатар хотоос ирэх иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, аймаг дотор зорчих иргэдийг сумын Онцгой комиссын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлнэ.
Баянхонгор, Баянговь, Жаргалант сумын сургууль цэцэрлэгийг үйл ажиллагааг 2021 оны 03-р сарын 25-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд зогсоох бол бусад сумдын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тухайн сумдын Онцгой комисс дотооддоо шийдвэрлэнэ.
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар зогсооно.
Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг ажлын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд явуулж ажлын тусгай горимд шилжүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.