ОХУ-ын Сочи хотын лицей сургуулийн нэгэн сурагч тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдэн, ангийнхаа хүүхдүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсныг тус улсын Холбооны аюулгүй байдлын албаныхан илрүүлэн, сэжигтнийг саатуулжээ.
Энэ талаар Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс лхагва гарагт "ТАСС" агентлагт мэдээлсэн байна. Мэдэгдэлд "Эрэн хайгуулын ажлын хүрээнд Сочи хот дахь Холбооны аюулгүй байдлын алба хаагчид сэжигтнийг саатуулсан. Тус өсвөр насны сурагч нь тэсрэх бөмбөг үйлдвэрлэн, ангийнхаа сурагчдын эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан байсан" гэж тэмдэглэжээ.
Уг сурагчийн гэрт нэгжлэг хийх үеэр албаныхан гар хийцийн тэсрэх төхөөрөмж, тэсрэх бөмбөг үйлдвэрлэх зориулалттай эд ангиудыг хураан авсан байна. Тэд мөн харилцаа холбооны хэрэгсэл, тэсрэх бөмбөг угсрах, ашиглах заавар бүхий өдрийн тэмдэглэл болон хэд хэдэн боловсролын байгууламжид болсон зэвсэгт халдлагуудын талаарх мэдээлэлтэй файлуудыг олжээ. Мөрдөн байцаагчид одоо эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар их дарамт гадуурхалт байсан болоод ингэсэн болдоо хөөрхий.