Их Британийн уран бүтээлч Сача Жафрийн бүтээсэн дэлхийн хамгийн том уран зураг Дубайн дуудлага худалдаан дээр 62 сая ам.доллараар зарагджээ. Сача Жафрийн уг бүтээл 70 ширхэг канвас хавтангаас бүрдсэн бөгөөд бэйсболлын дөрвөн талбайтай тэнцэнэ.
“Хүн төрөлхтний аялал” нэртэй уран зураг 1,595 кв м талбайг эзэлдэг ажээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг зургийг анх тооцоолж байснаас хоёр дахин үнэд хүрсэн ба тодорхой хэмжээг нь хүүхдүүдэд туслах хандивын арга хэмжээнд зориулна гэжээ.
Дубайд амьдардаг франц гаралтай иргэн Андре Абдунь уран зургийн 70 хэсгийг цөмийг нь худалдаж авсан байна. Геннисийн амжилтын хороо энэ зургийг канвас дээр зурагдсан хамгийн том хэмжээтэй уран зураг гэдгийг баталсан юм.
Абдунь “би ядуу гэр бүлээс гаралтай. Идэх зүйлгүй байх ямар байдгийг сайн мэднэ. Гэвч би эцэг эхний хайранд өсч, сургуульд явж, бусдын дэмжлэгийг хүртсэн. Энэ зургийг хараад маш их хүч авсан. Хэсэг хэсгээр нь тасалвал алдаа болох юм шиг санагдсан” гэж ярьжээ. Тэрээр цахим мөнгөний бизнес эрхэлдэг бөгөөд гайхалтай худалдан авалт хийсэндээ баяртай байна гэжээ.
Уран бүтээлч Жафри дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүүхдүүдэд боловсрол олгох, ариун цэвэр, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад 30 сая ам.долларын сан босгохоор зорьж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.