Өмнөд Солонгосын Хойд Чунчон мужийн Чонжу хотод байрлах төрөх эмнэлгийн эх баригч эмч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хийсвэр хагалгаа хийснээс болж өвчтөний ихэр охидын нэг нь эндсэн гэх хэргийг тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тус эмч нь өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний өдөр хагалгаа хийх үеэрээ согтуу байсан болохыг цагдаа нар тогтоосон бөгөөд хэргийн талаар нэмэлт мөрдөн байцаалт явуулж байгаа гэж Чонжугийн Хынгдок дүүргийн цагдаагийн газраас өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна. Сэжигтэн эмч тухайн өдөр эмнэлэг рүү явж байхдаа согтуудаа жолоо барьсан болох нь цагдаагийн бүртгэлээс ил болсон аж.
Мэс ажилбарын явцад тухайн эмч аливаа алдаа гаргасан эсэхийг тогтоохын тулд хууль сахиулах байгууллагууд БНСУ-ын Эрүүл мэндийн маргааныг зуучлах, арбитрын агентлаг болон Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэгт хандан, шалгалт хийхийг хүссэн байна.
Уг хэргийн хохирогч эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тус улсын Ерөнхийлөгчийн вэбсайт дээр энэхүү эмчийн талаар гомдол гарган, өргөдөл нийтэлснээр цагдаа нар хэргийг шалгаж эхэлсэн аж. Таван сартай охины ээж тэрээр "Хэрэв тэр эмч надад хагалгаа хийгээгүй бол би нэг хүүхдийн оронд хоёр хүүхдийн ээж болох байсан" хэмээн бичжээ.
Гэхдээ Солонгосын Эрүүл мэндийн тухай хуульд аливаа нөлөөн дор эмнэлгийн процедурыг гүйцэтгэх тухай ямар ч заалт байдаггүй учир эмч нар ихэвчлэн эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.