Их Британийн ханхүү, Сассексын гүн Харри, гүнгийн авхай Меган Мэркл нар Хатан хаан Элизабетийн гэр бүлээс тусдаа амьдрах шийдвэр гаргаж АНУ-ын Калифорни руу нүүсэн. Тэгвэл ханхүү Харри гэр бүлээсээ хол амьдрахаар шийдсэнээсээ хойш анх удаа албан ёсны ажилд орсон байна.
Тэрээр Силикон Валлид байдаг BetterUp стартап компанийн нөлөөллийн ахлах мэргэжилтнээр томилогджээ. Тус компани нь мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Тэрээр ажилчдын үйл ажиллагааг зохион байгуулахгүй ба тус төвд хандсан хүмүүстэй шууд холбогдох боломжгүй ажээ. Харри ихэнх цагаа Сан Франциско дахь төв оффист компанийн үйл ажиллагааг илүү сайжруулах шийдвэр гаргаж өнгөрөөх ажээ.
Одоогоор ханхүү тус компанид хэдэн цаг, ямар цалин хөлстэй ажиллаж байгаа нь нууцлаг байгаа ч шинэ ажилд орсондоо маш их баяртай байна гэжээ. Тэрээр бүтээгдэхүүнийг сайжруулах төлөвлөгөө, санал санаачилга гаргах, хандив хуримтлуулах, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэдвүүдээр олон нийтийн өмнө ярих зэрэг чиг үүрэг хүлээсэн гэж хэвлэлүүд таамаглан бичиж байна.
BetterUp стартап компани нь 2013 онд байгуулагдсан, гар утсан дээр суурилан мэргэжлийн зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх үйлчилгээ үзүүлсээр иржээ. Дэлхийн 66 оронд 49 хэл дээр зөвлөгөө өгдөг мэргэжлийн 2,000 чиглүүлэгчтэй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.