Польшийн алдарт зохиолч Якуб Зулчик олон нийтийн сүлжээн дээрээ тус улсын Ерөнхийлөгч Анджэй Дудаг "мулгуу" гэж дуудсаныхаа төлөө гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болжээ.
Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд ялалт байгуулахад Ерөнхийлөгч Анджэй Дуда хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг Якуб Зулчик өөрийн "Твиттер" хуудаснаа шүүмжилж байсан аж. Анджей Дуда нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын ойрын холбоотон юм.
Анджэй Дуда Жо Байденд хандан "Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил тань амжилттай болсонд баяр хүргэе. Бид "Электорал коллеж"-оос нэр дэвшүүлэхийг хүлээж байх үеэр Польш улс нь АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн, илүү хүчтэй эвслийн төлөө ажиллах болно" хэмээн жиргэж байжээ. Тухайн үед Европын бусад удирдагчид Байденд Ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэж байсан бол Дуда АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн ялалт тодорхойгүй, мөн "Электорал коллеж"-оос сонгуулийн үр дүнг өөрчилж магадгүй мэт зүйл бичсэн нь олон хүний шүүмжлэлийг амссан билээ.
Якуб Зулчик энэ талаар "Жо Байден бол АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч. Анджей Дуда бол мулгуу нэгэн" хэмээн жиргэсэн байна. Тэгвэл түүний энэхүү жиргээг Варшавын дүүргийн Прокурорын газраас төрийн тэргүүнийг доромжилсон гэмт хэрэгт тооцон, яллах дүгнэлт гаргасныг Зулчик өөрийн "Фейсбүүк" хуудаснаа өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ. Тэрээр өөрийгөө "Энэ улсад бичсэн зүйлийнхээ төлөө шүүгдсэн олон жилийн дараах анхны зохиолч байж магадгүй" хэмээн бичсэн байна.
Харин прокурорууд Зулчикын талаар иргэний гомдол хүлээж авсан бөгөөд үүнд үндэслэн яллах дүгнэлт гаргасан гэж мэдэгджээ. Анджэй Дудагийн хэвлэлийн төлөөлөгч Блазей Спычалский Ерөнхийлөгч болон түүний ажлын алба энэ асуудалд огт холбоогүй бөгөөд зохиолчийг яллагдагчаар татах хүсэлт гаргаагүй гэдгийг "Интериа" агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.