Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон нийт ард иргэдэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж үүний дагуу тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсад энэ өдрийг 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон.
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг: 2021 онд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ “ЦАГ ЯВСААР БАЙНА” сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагчтай шуурхай ажиллах" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.
Жилд 200 орчин хүн энэ өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулж байгаа юм.
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан, сүрьеэгийн эмч С.Бямбаа: Сүрьеэ өвчин бол халдварт өвчин. Тийм учраас амьсгалын замаар халддаг. Гэхдээ сүрьеэтэй хүн болгон халдвар тараадаггүй. Сүрьеэ туссан иргэний дархлааны урвал сайн байвал вирусийн савханцрууд унтаа хэлбэрт орсноор нянгаа ялгаруулдаггүй учраас бусдад тараахгүй. Харин дархлаа муудвал бусдад тараах эрсдэлтэй учраас сүрьеэг эрт оношилж, эмчлэх нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахаас сэргийлдэг.
Иргэдийн хувьд аль болох нус, цэрээ ил задгай хаяхгүй байх. Ханиахдаа алгаа дарахгүй тохой, хувцас руугаа найтаах хэрэгтэй.
Сүрьеэ өвчнөөс ямар ч насны, хэн ч өвдөж болох учраас сүрьеэтэй иргэнийг ялгаварлан гадуурхгүй байх хэрэгтэй. Харин ч өвдсөн иргэнийг сэтгэл санаагаар дэмжиж, эдгэдэг өвчин тул эмээ зааврын дагуу хэрэглэх ёстой талаар зөвлөн туслах хэрэгтэй.
Өнөөдөр дэлхий дээр сүрьеэ өвчнөөр хоёр тэрбум иргэн халдвар авсан гэх тооцоо байдаг. Манай улсын хувьд жил болгон 4000 иргэн сүрьеэгийн халдвар авч 200 орчим иргэн нас бардаг. Нас барж байгаа шалтгааны хувьд хожуу оношлогдох, эмчилгээгээ дутуу хийлгэх гэх мэт зүйлсээс болдог. Сүрьеэгийн нян нь уушгийг гэмтээхээс гадна нь тархи, бөөр, нүд зэрэг бусад эрхтэн системийг гэмтээдэг. Сүрьеэгийн халдварыг бүрэн эмчлүүлэхгүй бол амь насанд халтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.