ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Вакцин хийлгэсний дараа Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа бөгөөд бүхэл өдөржин шаргуу ажилласан гэжээ.
Гэвч Ерөнхийлөгч Путиныг вакцин хийлгэж байгаагаа олон нийтэд харуулна гэж найдаж байсан ч Оросын төрийн тэргүүн нэг ч камер оруулалгүй хийлгэсэн байна. Тиймээс Путины вакцин хийлгэж байгаа дүрс, зураг аль нь ч одоогоор ил тод болоогүй.
Песков Ерөнхийлөгчийн вакцин хийлгэж байгаа дүрсийг камерт бичиж, олон нийтэд дэлгээгүй талаараа тайлбарлахдаа Путин камерын өмнө тариулах дургүй гэжээ. Гэхдээ төрийн тэргүүний хувьд ард иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалт, вакцинжуулалтад уриалах ажлыг хангалттай хийж байгаа гэсэн байна.
ОХУ-ын эмч мэргэжилтнүүд Спутник V, ЭпиВакКорона, КовиВак гэсэн гурван төрлийн вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн. Эдгээрээс алийг нь Ерөнхийлөгч тариулсан болох нь тодорхойгүй үлдэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.