Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 306 хүнийг гэрээр тусгаарлан хяналт, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Гэрийн тусгаарлалтын хяналтыг Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн газартай хамтран хийж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тухайд тусгайлсан эмчилгээний жор байхгүй бөгөөд дархлаагаа дэмжих зөвлөгөөг өгч байгаа аж.
Эхний ээлжинд ХӨСҮТ-өөс шинжилгээ авах бөгөөд биеийн байдлыг үнэлж, хөнгөн хэлбэрээр өвдсөн бол гэрээр болон эмнэлэгт хэвтэх эсэхээ иргэн өөрөө сонгоно.
Гэрээр эмчилгээ хийлгэхээр бол тухайн иргэний биеийн байдлыг харгалзан дархлаа дэмжих эм, бэлдмэл хэрэглэхийг эмч зөвлөнө. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст улсаас мөнгө төгрөг төсөвлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Тэгэхээр эмчийн зөвлөсөн витамин болон бусад эмийн төлбөрийг иргэн та өөрөөсөө гаргах юм.