Вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын 42 цэгт 181 багийн 708 ажилтан ажиллаж, 9,049 хүнийг дархлаажууллаа. Мөн хугацаанд Өмнөговь аймгийн есөн суманд 1,203 хүнийг дархлаажуулснаар тус аймагт вакцинд хамрагдсан хүний тоо 6,330 боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 226,427 хүний дархлаажуулаад байна.
ДЭМБ-аас "АстраЗенека" вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгохыг зөвлөжээ. Ингэснээр дархлаа тогтоох чадвар нь илүү байх аж. Бусад вакцины тухайд 3-4 долоо хоногийн дараа хийж байгаа аж. Эрдэмтэн судлаачид хоёр өөр үйлдвэрийн вакцины хоёр тунг хийлгэвэл дархлаа хэрхэн тогтох талаар судалгаа шинжилгээ хийж байгаа. Вакцин хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа тогтох учир халдвараас хамгаалах дэглэмээ барьсаар байх хэрэгтэй. Түүнчлэн дэлхий дээр вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүс зэрэгцэн амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ байнга баримтлах хэрэгтэйг" сануулсан юм.
Цайр, Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж, дэлгэцээс хол байх хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна. Нярай хүүхдийн амны хөндий болон хоолойноос арчдас авах замаар шинжилж байна. Шүлснээс шинжилгээ авах аргыг одоогоор ашиглахгүй байгаа ч удахгүй нэвтрүүлнэ гэв.
Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхдаа халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа билээ.