Мэргэжлийн боксын хүнд жингийн домогт тамирчин Майк Тайсон өөрийнхөө амьдралын талаар намтарчилсан цуврал кино бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд гол дүрийн жүжигчнээр Жэйми Фокс сонгогджээ.
Кино найруулагч Мартин Скорсезе болон Жэйми Фокс нар мөн продюсеруудын тоонд багтсан байна. Тайсон энэ талаар "Би удаан хугацааны турш өөрийн түүхийг ярихыг хүсэж байсан. Миний мэргэжлийн болон хувийн амьдралыг харуулахаас гадна үзэгчдэд урам зориг өгч, тэднийг зугаацуулах цуврал киногоо бүтээхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн өнгөрөгч даваа гарагт хийсэн мэдэгджээ.
Тайсон түүнчлэн энэхүү төслийг бодит байдал болгох "төгс мөч" нь ирсэн гэж тэмдэглэсэн юм. Одоогоор уг цуврал кино хэзээ, ямар платформ дээр үзэгчдийн хүртээл болох нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн сард "Hulu" стриймингийн компани алдарт тамирчны "Зэрлэг, эмгэнэлт, маргаантай амьдрал, карьер"-ыг харуулах "Төмөр Майк" хэмээх найман ангит цувралыг үзэгчдэд хүргэнэ хэмээн зарласан билээ. Тухайн үед Майк Тайсон өөрийн олон нийтийн сүлжээгээрээ уг төслийг шүүмжлэн, тус бүтээлийг "Соёлын зүй бус ашиглалт" хэмээн нэрлэсэн юм. Тэрээр мөн өөрийнхөө түүхийн төлөө ямар нэгэн төлбөр мөнгө авахгүй байгаа гэдгээ онцолсон байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.