Болгарын Гадаад хэргийн яам тус улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг тагнуул хийсэн гэж үзэн, улсаасаа хөөсөн болохыг Оросын эрх баригчид мэдэгдэв.
ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд "Болгарын Гадаад хэргийн яамнаас Элчин сайдыг дуудан, яамны хоёр ажилтныг "personae non gratae" хэмээн тунхагласан баримт бичгийг хүлээлгэн өгсөн" хэмээн мэдээлжээ. Мөн холбогдох дипломат ажилтнуудыг 72 цагийн дотор Болгараас гарахыг шаардсан аж.
Гэвч ОХУ-ын албаныхан энэхүү шийдвэрийг "огт үндэслэлгүй" зүйл гэж мэдэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл хэргийн талаар аливаа таамаглал дэвшүүлэхгүй байхыг хүсжээ. "Оросын тал хариу арга хэмжээ авах эрхтэй" хэмээн тус улсын Элчин сайдын яамны төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Болгарын эрх баригчид өнгөрөгч баасан гарагт ОХУ-ын талд тагнуул хийсэн байж болзошгүй Батлан хамгаалах яам болон цэргийн тагнуулын байгууллагын одоогийн болон хуучин зургаан ажилтныг саатуулсан байна. Албаныхан энэхүү ажиллагааг Европын Холбоо болон АНУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.