ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Ковид-19-ийн вакцин хийлгэнэ гэж барууны эх сурвалжууд мэдээлэв.
Одоогоор Путин ямар вакцин хийлгэхээр төлөвлөсөн нь тодорхойгүй байгаа ч тус улсад дотооддоо үйлдвэрлэсэн Спутник V вакцин дархлаажуулалтад хамгийн өргөн хүрээтэй ашиглагдаж байна. Засгийн газрын зүгээс уг вакциныг гадны улс орнуудад санал болгоод байгаа юм.
Түүнчлэн эрх баригчид дотооддоо үйлдвэрлэсэн ЭпиВакКорона болон КовиВак вакцинууддаа яаралтайгаар зөвшөөрөл олгож, бүх нийтийн дархлаажуулалтад ашиглахаар болжээ.
Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч Путин “вакцин хийлгэх эсэх нь хүн бүрийн сайн дурын сонголт. Би маргааш хийлгэхээр төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
ОХУ-н 4,3 сая иргэн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн бөгөөд дотооддоо хэрэглэх вакцины үйлдвэрлэлтийг өсгөх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч даваа гарагийн хуралдаан дээр онцолсон байна. Түүнчлэн Оросын Засгийн газар Спутник V вакцины 700 сая хүнд тарих тунг худалдах олон улсын гэрээ хэлэлцээр байгуулсан ажээ. Эрдэмтэд уг вакцин 92 хувийн үр дүнтэй байна гэж үзсэнийг Лэнсет сэтгүүлд хэвлэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.