Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12326 шинжилгээ хийхэд 206 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5392 болсон байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвар авсан дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр тус суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг ажлаа амжилттай хийж, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна. Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодод халдвар авсан. Нийт дотоодын халдварын тоо 4856 болж байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 тохиолдлын 191 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ. Хоёр эрүүл мэндийн ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо.