Австралийн зүүн хэсгийн Шинэ Өмнөд Уэльс мужид олон мянган хулгана үүрлэж, орон нутгийн тариаланчид тэдэнтэй хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байна. Тус бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд ийм их хэмжээний хулгана харагдаж байгаагүй аж.
Мянга мянган хулгана иргэдийн ургац, өвс хадланг сүйтгэн, дарш, саравч, байшин руу нь дайран орж байгаа аж. Түүнчлэн хордон үхсэн хулгануудын сэг зэм ундны усны нөөцлүүрээс олдож байгаа тул эрүүл мэндийн том аюул тулгараад байгааг мэргэжилтнүүд онцолжээ. "Шөнийн цагаар газар дээр мянга мянган хулгана тойрон гүйж байдаг" хэмээн орон нутгийн фермер Рон Мккей "ABC" агентлагт ярьсан байна.
Сүлжээ дэлгүүрүүд хоол хүнсээ битүүмжилсэн саванд хадгалан, зарж байгаа бөгөөд дор хаяж гурван хүн хулганад хазуулан, орон нутгийн эмнэлэгт ханджээ. Энэхүү нөхцөл байдлын улмаас тариалангийн бизнес эрхлэгчид өнөөг хүртэл 30,000 ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Өгөөш тавин, хулгануудыг устгах өргөн хүрээний ажиллагаа төдийлөн амжилт олохгүй байгаа бөгөөд нутгийн иргэд аадар бороо орж, хулганууд нүхэндээ живнэ гэж найдаж байгаа аж.
Австралид олон жилийн турш үргэлжилсэн ган гачгийн дараа борооны улирал болж, Шинэ Өмнөд Уэльс болон Куинсланд мужийн хөдөө орон нутгийн зарим хэсэг нь арвин ургац хурааж авсан байна. Гэвч энэхүү их хэмжээний шинэ ургац, үр тарианы улмаас бүс нутгийн хулганын тоо толгой огцом өссөн байна.
Эх сурвалж: The Guardian, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.