Нарны эрчим хүчийг хөгжүүлэх хуурамч төслөөр хөрөнгө оруулагчдаас хэдэн арван тэрбум воныг луйвардаад, зугтсан этгээдийг Өмнөд Солонгосын Жонжу хотын цагдаа нар баривчилжээ.
Сэжигтэн болох 53 настай эрэгтэй нь 2017 оны арванхоёрдугаар сараас 2020 оны зургадугаар сар хүртэл нарны эрчим хүчний хуурамч бизнесийн саналаар дамжуулан 800 орчим хүнээс 70 тэрбум вон луйвардсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Цагдаа нар түүнийг баривчлах захирамжийг авахаар шүүхэд хандаад байсан бөгөөд уг хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан энэ сарын 10-ны өдөр товлогдоод байсан хэдий ч сэжигтэн үүний өмнөхөн сураггүй алга болсон байна. Тэгвэл албаныхан түүнийг өнгөрөгч бямба гарагт танилынхаа гэрт нуугдаж байхад нь олж илрүүлэн, баривчилсан аж.
Сэжигтэн Өмнөд Солонгос даяарх хөрөнгө оруулагчдад нарны цахилгаан станц зарна гэж амлан, бизнесийн ашгаа хуваах санал тавьжээ. Гэвч тэрээр Засгийн газраас зөвшөөрөл олгох ажил хойшлогдсон гэх шалтгаанаар амлалтаа биелүүлээгүй байна. Мөн түүний нарны цахилгаан станц барина гэж мэдэгдсэн газар нь ийм төрлийн төсөлд тохиромжгүй газар байсныг цагдаагийн газраас тэмдэглэсэн юм.
Мөрдөн байцаагчид сэжигтнийг баривчлах шүүхийн шийдвэрийн төлөө дахин өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.