АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол Хилл рүү жагсагчдыг дайран ороход өдөөн хатгасан гэж үзсэн тул Twitter, Facebook зэрэг цахим сүлжээнд хаягийг нь хаасан. Тэгвэл Ерөнхийлөгч асан хувийн сошиал платформ хийлгэхээр болсон бөгөөд 2-3 сарын дараа цахим орчинд эргэн ирнэ гэдгийг түүний зөвлөх Жэсон Миллер Fox News-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Жэсон Миллерийн хэлснээр Трампын шинэ платформ цахим орчинд хамгийн шилдэг нь байх бөгөөд тоглоомыг дахин тодорхойлно гэжээ. Өмнөх Ерөнхийлөгч өөрийн гэсэн тусгай олон нийтийн цахим сүлжээ байгуулахаар хэд хэдэн компанитай уулзсан ба хэдэн арван сая хэрэглэгчийг дагуулна гэдэгтээ итгэлтэй байна.
Капитол Хиллийн жагсаалын улмаас таван хүн нас барсан. Энэ нь Америкийн ардчиллын суурийг ганхуулсан үйлдэл хэмээн буруутгасан. Үүнээс хойш дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилж Трампын цахим сүлжээн дэх хаягуудыг түр хугацаагаар хаасан билээ. Тэрээр Твиттертээ л гэхэд 90 сая орчим дагагчтай, 10 гаруй жилийн турш сонгогчид, дэмжигчидтэйгээ шууд харьцахад ашигласаар ирсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.