СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-21

LIVE: Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Аль ч талаас нь харсан ҮХЦ-д завхрал болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн нь Үндсэн хуулийн хямрал үүсгэсэн. Энэ асуудлаар маргаан үүсгэсэн цэцийн гишүүд гадаадад суух Элчин сайдаар явахаар тохироо хийсэн гэх мэдээлэл гарсан бол зарим цэцийг гишүүд нь тэднийг эсэргүүцэн дотооддоо зөрчилтэй байгаа юм.

Үүнтэй холбоотой зарим хуульч нарын тайлбарыг сонсов.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Аль ч талаас нь харсан Үндсэн хуулийн цэцэд завхрал болж байна

Энэ бол Монгол Улсын эдийн засаг, дэлхийн нийтэд эзлэх байр суурийг багасгаж байгаа холын бодлогын үзүүр.

Монгол төрийн салаа мөчрүүдийн нэгдмэл байдлыг хангах Ерөнхийлөгчийн жам ёсны үүргийг хязгаарлах санаархал их байна. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гээд засаглалын хэлбэрүүд байна. Нэгдмэл байдлыг нь Ерөнхийлөгч гэдэг хүн хангаж, зангидаж байдаг юм. Түүнээс хэн нэг хүний эрх ямбын асуудал уг нь биш юм.

76 хүн Төрийн удирдах дээд байгууллага гээд заачихсан байдаг. Гэтэл 76 хүн дотор янз бүрийн хүн бий. Өмнөх парламентын гуравны хоёр нь “идэж уусан” хэрэгт орооцолдсон. Ийм институдэд бүх эрх мэдлийг төвлөрүүлж, Ерөнхийлөгч гэдэг институтын эрхийг хасаж байгаа нь алсуураа хортой. Төрийн бодлого тогтворгүй, Засгийн газар нь унаж, Ерөнхийлөгч нь солигдож байвал сайн гэж харах “гаднын хүн” байна.

Одоогийн нөхцөл байдлыг харвал маш нарийн төвөгтэй болж байна. Хоёр удаа дараалан УИХ-д 60 гаруй суудал авсан нэг нам шүүх засаглалыг хүртэл “харьяандаа” оруулж байна. Ийм нөхцөлд ардчилсан хүчнийг төлөөлж байгаа Ерөнхийлөгчийг зориуд гадуурхаж, ганцаардуулж, сонгуульд орох эрхийг нь хязгаарлах бодлого явуулж байна. Энэ бол байж боломжгүй зүйл. Яахав эрх мэдэлдээ дулдуйдан ийм шийдвэр гаргаж болно. Гэхдээ түүхийн болон монголчуудын амьдралын хувьд асар хүнд болно гэдгийг төсөөлөх чадвартай байх хэрэгтэй.

Гэвч, Үндсэн хуулийн бус маргаан үүсгээд явж байгаа нь дээрх эргэлзээд төрүүлж байна. Үндсэн хуулийн цэцэд тодорхой улс төрийн хүчин голлож байгаа. Асуудалд намын сонирхлыг шингээж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн ажиллах ерөнхий зарчмыг хөндөж, гажуудуулж байна гэсэн үг.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Гэтэл хуульд “...Х.Баттулга нэр дэвших эрхгүй гэж бичээгүй” гэх утгатай маргаан үүсгэж байна гэдэг бол маш том эргэлзээ үүсгэж байна. Ер нь эрх баригч улс төрийн хүчин өөрсдөө ашигтайгаар бүх зүйлийг эргүүлэхийн тулд хэт хүчин чармайлт тавих нь буруу л болно.

Хуульч О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн алба түр, Монгол төр бол бүр. Хувь хүнээс илүү институтын асуудлыг ярих ёстой

Ийм хууль гаргасангүй, ийм тогтоол гаргасангүй гэдгийг авч хэлэлцдэг жишээ өмнө нь хэзээ ч байгаагүй. Ямар нэг зүйл байвал тэр нь хууль зөрчсөн юм уу гэдгийг ярина. Гэтэл байхгүй зүйлийг хууль зөрчсөн байна гэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлалд огт нийцэхгүй байна.

Жишээ нь, хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшиж болно, болохгүй гээд заачихсан байгаа бол энэ асуудлыг цэц хэлэлцэнэ. Тэгээд Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж болно эсвэл болохгүй гэдэг шийдвэр гаргана.

Гэтэл Х.Баттулга гэдэг хүнийг нэр дэвшүүлнэ гэж заагаагүй гэдэг маргааныг хэлэлцэх гээд байгааг маш их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнийг дэмждэг, дэмждэггүй маш олон хүн байгаа тийм үү. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн институттэй холбоотой зүйлийг авч үзэхдээ яагаад ганцхан Х.Баттулга гэдэг хүнтэй холбож яриад байгаа юм бэ.

Өмнө нь олон Ерөнхийлөгч ажиллаж байсан, цаашид ч ажиллана. Гэтэл зөвхөн хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас нь шалтгаалаад “болно, болохгүй” гэдгийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь нийлж шийдэх гээд байна. Энэ бол Х.Баттулга гэдэг хүний асуудал биш. Ерөнхийлөгчийн алба бол түр, Монгол төр бол бүр.

Хамгийн тогтвортой цэц нь хүртэл яахаа мэдэхгүй ийм байдалд орж байна. Парламентыг бол ойлгож байна. Янз бүрийн юм ярьж, явна. Цэцийг л ойлгохгүй байна. Огт улстөржиж болохгүй. Үндсэн хуулиа л манах ёстой.

Хуульч, доктор Б.Гүнбилэг: Үндсэн хуульт ёс, ардчилал гэж үлдэх үү гэдэгтэй энэ маргаан шууд холбоотой шүү

Дэмждэг нэг хэсэг нь дэвших ёстой, дэмждэггүй нь болохгүй гээд л маргаад байна. Гэтэл бидэнд дурын асуудлаас илүү хууль бий. Хуулиас харвал нэр дэвших эрхтэй.

Яагаад гэхээр, Үндсэн хуульд зөвшөөрөх, эрх олгох, хориглох гэх мэт харилцааг оруулдаг. Үүн дундаа хориглох харилцааг оруулахын тул маш нарийн дэг мөрдөх ёстой болдог. Агуулга нь хүртэл хэлэлцэж байх үед маш тодорхой тусгагдсан байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийг нэр дэвшиж болохгүй гэсэн нэг ч хориглох асуудал яригдаагүй, нэг ч протокол байхгүй байсан.

Гэтэл нэр дэвшихгүй ч байж магадгүй гэж Үндсэн хуулийн цэц нь үзлээ. Нийгэмд ингэж хагарал үүсгэж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг нь бие даасан институт. Маргаанаа сонгуулиар шийдэх ёстой. Зөв бурууг нь ард түмэн сонгодог. Сонгууль өгдөг. Тэрнээс нь өмнө хэн нэгэн чи сонгуульд оролцож болохгүй, чи цаанаа бай гэдэг эрх хэнд ч байхгүй. Эрх мэдэл бүх ард түмний гарт байх ёстой. Ядаж л дэмждэг хэсгийнх нь эрх ашгийг хөндөж байна.

Хуулийг улс төрийн хүчин намд зориулж тайлбарлах гээд байна. Үндсэн хуульт ёс, ардчилал гэж үлдэх үү гэдэгтэй энэ маргаан шууд холбоотой шүү. Өрсөлдөгчгүй болох гээд нэгийг нь сугалдаг, татдаг байж болохгүй. Ард түмэн ингэж үзэж байна гэдгийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч л хэлдэг юм.              

    

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.45

Зөвхөн нэг намын эрх ашиг харсан хачин явдлууд хойно хойноосоол гараад байх юм даа ёстой заваан юмаа. Ирээдүй хойч үеэ боддог болоосой

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

Ард иргэд минээ аль нэг нам эвсэл эсвэл аль нэг ямар ч юм нэг аргаар баяжсан хувь хүний төлөө талцаж маргалдахаа больвол яасан юм бэ Төрийн тэргүүн болон Улсын Их Хурлын гишүүдийг сонгохдоо Аль л мөнгөтэй элдэв аргаар баяжсан хүмүүсийг сонгосоор 30 жил боллоо Үр дүн нь улс орны хөгжил дэвшил зогсож Ард түмэн бидний амьдрал туйлын доройтолд орж сүйрэн ирээдүйд итгэх итгэл найдвар алдарлаа Цаашид элдэв аргаар БАЯЖСАН МӨНГӨТЭЙ аль нэгэн этгээдүүдэд хууртан сонгоод байвал Тусгаар тогтоносон МОНГОЛ УЛС ч байхгүй болох замд орлоо шүү ард иргэд маань хэн нэгний төлөө талцан тэмцэлдэх биш УЛС ОРНЫГ минь зөв замаар удирдан жолоодох ОЮУНЛАГ ӨНДӨР БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ элдэв луйвар булхайн замаар баяжиж хөрөнгөжөөгүй НЭР ЦЭВЭР хүний төлөө саналаа эв нэгдэлтэй гээр өгч сонгон ажиллуулж сурцгаая гэж уриалж байна Бодоцгоо Нэгдэцгээ Ард иргэд минь

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.165

баттулга ерөнхийлөгч байлаа хүрэлсүх гарлаа гээд ард түмний хувьд ялгаа алга. Харин Гүныилэг гэдэг энэ хүн Ман.ын Энхболдод зөвлөж байсан хүн одоо ерөнхийлөгчид үйлчлээд буйг болохоор итгэл үнэмшил алгаа.Зүгэөр л жүжиг гэж харлаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.