“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон Х.Даржаа нарт холбогдох, бусдыг залилан мэхэлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шүүхээс Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон юм. Ингээд Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад таван жил зургаан сар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэжээ.
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын хувьд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдол ганц энэ биш.
Ц.Мянганбаярын хувьд Орхон голыг бохирдуулсан хэрэгт гүйцэтгэх захирал У.Даш тэргүүтэй 50 гаруй хүний хамт шалгуулж, нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн билээ. Үүнээс хойш “Монгол газар” ХХК-ийнхаа дампуурлыг 2015 онд зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.
Х.Даржаа өмнө нь бас бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж, хорихоос суллагдсан нэгэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
luibarchinguudad yamr baga yal ugdug uym be mungutei humuus udahgui garaad irne dee