СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-19

Д.Пүрэвдаваа: Н.Алтанхуяг гишүүнийг сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярилцах нь зүйтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа. Тэрбээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа билээ.

-Ойрын өдрүүдэд улс төрд хамгийн сонирхолтой сэдэв АН-ын даргын сунгаа байна. Сунгаанд яагаад өрсөлдөх болов?

-Манай нам сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялагдлаа.  УИХ-ын сонгууль хавар болдог учраас орон нутгийн сонгуульд ч бас нөлөөлдөг. Ингээд л нийтээрээ ялагдах хүчин зүйл болоод байна. Олон дахин ялагдахаар намын олон мянган жирийн гишүүдийн итгэл алдарч эхэлсэн. Тэд нам доторх болж бүтэхгүй байгаа зүйлийг засаасай гэж хүсэж байна. 1990 оны үед намын гишүүд ардчиллын төлөө зүтгэж байгаагаараа бахархдаг, омогшдог байсан. Гэтэл одоо харахаар нам нь дотроо хэрүүлтэй, хагаралтай байдаг. гэсэн сэтгэлээр ханддаг болох гээд байна. Үндсэндээ намын нэр хүнд доод цэгтээ хүрчихлээ. 

Намын дотоод асуудалд би олон жил шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ялангуяа дарга төвтэй, удирдлага нь л бүхнийг шийддэг тогтолцоо руу явж эхэлснийг эсэргүүцсэн. Намын дүрэм, журам ил тод, жигд хэрэгждэг, гишүүд төвтэй байх ёстой гэж үзэж, олон жил тэмцсэн. Дотор нь буцалж, ялалт, ялагдлын амтыг мэдэрч явсан хүн. Нам ийм үлбэгэр, яах нь мэдэгдэхгүй байдалтай байж болохгүй. Эрс шинэчлэлийг хийх цаг нь болсон. Шинэчлэл хийж байгаа нэртэй, хоёрын хооронд ажиллаад хэрэггүй. Жирийн гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг ч сэргээх цаг болсон. Үүний төлөө нэр дэвшсэн. Олон ч зүйл хийхээр төлөвлөж байна.

-Дөрвөн нэр дэвшигч өөр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, танилцуулж байгаа. Таны бодлого, зорилтын чинь гол цөм нь юу вэ?

-. Системтэй, бодлоготой урагшлах хэрэгтэй. Тэгэхийн тулд богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг гаргаж, хийх ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд нам доторх маргааны асуудлыг цэгцэлье.

Ерөнхийлөгчийн сонгуульд аль болох маргаангүй орж, амжилттай оролцъё. Хоёр сонгууль дараалан 60 гаруй суудал авсан улс төрийн хүчинд хяналт тавья, сөрөг хүчний дуу хоолойгоо сайн хүргэе, хувьсгал хийе гэсэн зорилт тавьж байна. Тэгэхгүй бол шударга бус байдал, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрлээ.

Дунд хугацаандаа бид 2024 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллана. 2024 оны сонгуулиар бид хамгийн зөв боловсон хүчнээ ард түмэнд санал болгох ёстой. Нэр дэвших 76 хүн нь нэр хүндтэй, анхан шатандаа танигдсан байх шаардлагыг тавих хэрэгтэй. Аймаг битгий хэл суманд ч сонгогдож үзээгүй хүмүүс дарга тойрч гүйж байгаад л УИХ-ын сонгуульд нэр дэвшдэг. Сонгогчид битгий хэл намын гишүүд нь ч танихгүй хүмүүс сонгуульд нэр дэвшдэг байдлыг таслан зогсооно.

Мөнгөний нам байхаа болино. Аливаа зүйлийг хэмжих нэгжийг мөнгө байлгахгүй. Бид намынхаа доторх санхүүгээ зөв тооцдог байх ёстой. Улс хүртэл сонгуулийн жил зардлаа төсөвтөө суулгаад, батлаад явдаг биз дээ. Нам байж бид санхүүгийнхээ төлөвлөлтийг хийж чадахгүй байж болохгүй. Тэгээд нэр дэвшигчдээсээ дандаа мөнгө татдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудалд хөнгөлөлттэй хандаж, босго тавих биш дэмжих талаас нь ажиллах ёстой гэж бодож байгаа.

2024 онд бид маш сайн мөрийн хөтөлбөр боловсруулах ёстой.. Намын даргыг сонгохоороо дөрвөн жил хаддаг байдлыг халах ёстой. Жил бүр сольж байсан ч яадаг юм. Хариуцлагажуулах хэрэгтэй.

Жишээлбэл, Цаашид намын дарга жил бүр тайлангаа тавиад, үйл ажиллагаа нь нийт гишүүддээ таалагдахгүй, ажлаа сайн хийж чадахгүй бол огцордог тогтолцоог бий болгомоор байна.

Д.Пүрэвдаваа: Хэрвээ даргаар сонгогдвол ойрын хугацаанд нам доторх хагарлыг цэгцэлнэ

Урт хугацааны бодлого хамгийн чухал. Өнөөдөр дэлхийн олон оронд ард түмэн нь ардчиллыг мөрөөдөөд сууж байна. Бид гадагшаа явна гэхээр Англи, Америк, Солонгос, Японыг зорихыг хүсдэг. Эмчлүүлье гэсэн ч ихэнх нь ардчилал өндөр хөгжсөн орнуудыг сонгодог. Яагаад гэвэл, ардчилал хөгжсөн орнуудын өндөр хөгжиж байна. Бид урт хугацаандаа өндөр хөгжилтэй орон болохыг зорих ёстой. Тэгэхийн тулд урт хугацаандаа ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай.

Ардчилал бэхжиж байж  үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд Үндсэн хуульд заасан маш олон эрхийг иргэддээ хангалттай өгч чадна. Хүнлэг, ардчилсан нийгмийг жинхэнэ утгаар нь бүтээнэ. Ардчилал байхгүй бол Үндсэн хуульд заасан байгаа олон эрх хасагдана. Тиймээс ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ийм л зорилтуудыг тавьж байна.

-Урт хугацааны бодлого төлөвлөлтийн дагуу, үе шаттай хэрэгждэг. Одоо АН-д богино хугацаанд тулгамдаж байгаа асуудлаа хурдан шийдэх нь нэн яаралтай болоод байна. Гэтэл удахгүй болох даргын сунгаа дүрэм, журмын дагуу болоогүй гэх хэл ам татраагүй л байна. Ц.Оюунгэрэл гэдэг хүн намын даргын сунгаанд өрсөлдөх гэж байснаа болиод, журмаа зөрчсөн учир нэрээ татсан гэх маягтай зүйл яриад байна. Энэ сунгаа чинь дүрэм, журмаа зөрчөөд байгаа юм уу?

-МАН ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацааны 27-д нь төр барьсан. Тэд өнгөрсөн хугацаанд монголчуудыг эвлэлдэн нэгдүүлэх ажлыг хэзээ ч хийгээгүй. Яагаад гэвэл Ардын нам үеийн үед нэр хүнд муутай байсан. 2020 оны сонгуулиар МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг л авсан. Тэгсэн мөртлөө УИХ-ын 80 хувийг бүрдүүлж, Засаглалыг 100 хувь барьж байна. Нэр хүнд муутай энэ улс төрийн хүчинд монголчууд нэгдмэл байр суурьтай байх, том сөрөг хүчинтэй байх нь ашиггүй байгаа юм. Тиймээс улс төрийн нам болгоныг дотор нь хагалж, салаалуулж, жижигсгэж байна.

Нам битгий хэл ТББ-уудыг хүртэл дотор нь хувааж байна шүү дээ. Хэчнээн спортын холбоо өнөөдөр хоёр удирдлага, тамгатай байгаа билээ. Тархай, бутархай байлгах нь эрх баригчийн бодлого. . Энэ нөхцөлд бид айлын бодлогод ороод, ашиглуулаад байгаагаа ухамсарлах ёстой.

Ялангуяа зарим нэг хүмүүс өөрсдийгөө АН-аар овоглож, нийт гишүүдийг төлөөлж байгаа юм шиг аяглаад байна. Энэ асуудлыг дүрэм, журмын хүрээнд шийдэх ёстой. Ойлголцох гэж оролдоод бүтэхгүй байж болно. Тэд бусдын нөлөөнд орчихсон байвал яаж ч хэлээд нэгдэхгүй шүү дээ. Нэгэнт сэтгэл нь хөрчихсөн эхнэртэй яаж цаашаа амьдрах юм бэ, салах нь тодорхой биз дээ. Үүнтэй адилаар бид шийдвэрээ гаргаад, нийт гишүүдийнхээ олонхийн чиг баримжаагаар үйл ажиллагаагаа явуулах л ёстой. Гэхдээ ямар нэг асуудал үүслээ гээд бие биеэ доромжлох, эргээд уулзах орон зай үлдээхгүй байж болохгүй.

Өнөөдрийг хүртэл олон л хүн намаас хөөгдсөн, гарч л байсан. Өнөөдөр хүмүүс С.Эрдэнэ гээд л шуугиад байна. С.Эрдэнэ тэгвэл Н.Алтанхуягийг намаас хөөгөөд болоод л байсан биз дээ. Н.Алтанхуяг гэдэг хүн яагаад шинэ нам байгуулаад яваагүй юм. Хүнийхээ ёс зүйтэй холбоотой.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, намаас гарсан, янз бүрээр зам салсан бүхий л хүмүүсийг урьж уулзаж, ойлголцох гэж үзэх хэрэгтэй. Хувь хүний үл ойлголцлоос үүдэлтэй л ийм түвшинд хүрсэн гэж би харж байгаа. Түүнээс биш үзэл баримтлал зөрөөд байгаа юм байхгүй байх.

-Энэ сунгаа дүрэм зөрчиж байгаа юу гэдэгт та хариулт өгсөнгүй?

-Даргын сунгааг зарим нэг хүмүүс үгүйсгэх гээд үзэх л байх. Дүрэм, журам зөрчсөн гээд дайрна. Үүнийг бид даваад гарах л ёстой. Өмнө нь нам ингэж хуваагдаж байсан тохиолдол олон л байгаа. Янз бүрийн нам тусгаарлаж гарч байсан ч түүх бий. Тэр болгонд ингэж шуугиж байсан удаа байгаа бил үү. Яагаад өнөөдөр асуудлыг ингэж дуулиан, шуугиан болгоод байгаа юм. М.Энхсайхан нэг нам байгуулаад гарч байсан. Хэн шуугилаа. Таалагдахгүй хүн байвал шинэ намаа байгуулаад л гарах хэрэгтэй.

-Нэг зүйлийг гайхаад байдаг юм. С.Эрдэнэ гэдэг хүн Ц.Туваан гэдэг даргад тамга хүлээлгэж өгөөд, намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэр үед яагаад дүрэм, журам зөрчсөн гэж олз болоод байгаа асуудлыг хэн ч хараагүй, мэдээгүй юм бол?

-Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг л юм болсон. С.Эрдэнэ даргынхаа тамга, тэмдгийг өөрөө хүлээлгэж өгчихөөд, “Миний өгсөн тамгыг буцааж өгөхгүй байна” гэж гомдол гаргаж байгаа нь ёс зүйн асуудал.  Нөгөө талд нь Ц.Туваанд богино хугацаанд сонгуулиа хийчихэж амжсангүй. Арваннэгдүгээр сард коронавирус гараад, нийтээрээ уулзаж хурлаа хийх боломжоо алдчихсан. Уг нь орон нутгийн сонгууль дуусгаад л хурлаа хийчихсэн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэхдээ гарц байгаа. Үнэхээр ойлголцохгүй бол хүүгийнхээ нам энэ тэрийг нэгтгээд явчихаж болох байлгүй дээ.  Нэгдэж, нийлнэ гэсэн ч болохгүй зүйлгүй.

Хамгийн хэцүү зүйл нэгдэх шүү. Хүнтэй эвлэрэх, урт хугацаанд хамтарч ажиллах, эвийг нь олох хамгийн хэцүү. Тодорхой хэмжээнд өөрийнхөө эрх ашгийг ч хойш нь тавих шаардлагатай болдог. Хамгийн амархан зүйл нь хагалах, бутаргах. Хүнтэй муудалцах амархан биз дээ. Нэг хараалын үг хэлээд л болоо. Хүмүүс хамгийн амархан, хялбарыг нь сонгоод байна. Үүнээсээ болоод бусдад ашиглуулж байгаа. Одоо манай залуучууд ухаан зарж, ганцхан С.Эрдэнэ гэлтгүй, намаас хөндийрсөн бүх хүмүүсийг буцаж татаж, ойлголцож, хамтарч ажиллах ёстой. Тэр битгий хэл барууны чиглэлийн үзэл бодолтой нэгдлүүдийг ч татаж оролцуулж, хамтарч ажиллах хэрэгтэй.

-Намын даргын сунгааг АН-ын нийт гишүүдээсээ санал авах байдлаар зохион байгуулах юм билээ. Би хувьдаа нийт гишүүдийнхээ саналаар даргаа сонгож байгаа нь давуу талтай юм болов уу гэж хараад байна. Та юу гэж харж байгаа вэ?

-Бүх зүйл хоёр талтай, сайнтай, муутай. Сунгаа явуулаад, бүх гишүүдийн саналаар даргаа сонгоход намын анхан шатны гишүүд дотроо хуваагдчихаад байдаг. Өмнөх бэлээхэн жишээ байна. Таван хүн намын даргад өрсөлдсөн. Нам дотроо тав хуваагдаад, аймаг, дүүргүүдээ дотор нь талцуулаад, нутаг усаараа хуваагдсан. Муу тал нь энэ. Сайн тал нь гэвэл, нийт гишүүдээсээ асууж байгаа учраас илүү ардчилсан зарчимтай болно. Анхан шатны гишүүдийнхээ оролцоог ч хангана.

Би хувьдаа шууд нийт гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгож байгаа нь жаахан буруу юм уу гэж харж байгаа. Өмнө нь намын Их хурлын төлөөлөгчдийн саналаар даргаа сонгодог байсан даа. Тэрийг нийт гишүүдээс сонгож байгаа системтэйгээ сүлээд, дундын хувилбар гаргаж ирмээр байна. Намын 200 мянган гишүүнийг төлөөлөөд 20 мянга нь саналаа өгөөд, даргаа сонгочихдог болох хэрэгтэй.

Тэр төлөөлөгчид нь аймаг, дүүрэгтээ сонгогдож байсан, иргэдийн санал авч байсан хүмүүс байвал зүгээр. Тэд иргэний хувиар ч зовлон ойлгоно. Намын сонгуульт гишүүн байхын зовлонг ч тэд ойлгоно шүү дээ. Би хэрвээ дарга болбол намын даргыг энэ зарчмаар сонгодог болгож өөрчилнө. Нийт гишүүдээс сонгоно гэхээр хиймлээр баахан батлах бичээд, тараачихдаг. Үнэхээр манай намын гишүүд мөн эсэх нь эргэлзээтэй хүмүүс санал өгөөд байдаг байхгүй юу.

Тиймээс л өмнө нь ядаж сум, аймагтаа сонгогдож байсан хүмүүс дээр намын Их хурлын төлөөлөгчдийг нэмээд, 10, 20 хүнээс намын даргын сонгох нь хамгийн ухаалаг шийдэл байна гэж бодож байгаа.

-Та хэрвээ намын даргын сунгаанд ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний тухайд ямар бодлого барих вэ?

-Манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх олон хүн алга байна шүү дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад нэр дэвшээсэй гэж бодож байгаа. Үндсэн хуулийн Цэц дээр хахаж боогоод, хасчихвал өөр өрсөлдчихөөр олон хүн байхгүй байна. Ц.Оюунгэрэл гуай нэр дэвшинэ гэсэн санал гаргасан. байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжтой юм уу. Боломжтой, боломжгүй гээд янз бүрээр яриад байна?

-Тэр Үндсэн хуулийн Цэц шийднэ. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийг өөрчилсөн. Уг нь хууль буцаж үйлчлэх ёсгүй. Гэтэл тэд тодорхойгүй хууль баталчихсан. УИХ-аар баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн үү гэдгийг Цэц шийднэ. Мөн цаашид Үндсэн хуулийн заалтыг хэрхэн мөрдөх вэ гэдгийг ч Цэц шийдэх учиртай. Нам Үндсэн хуулийн Цэцийн дараа шийдвэрээ гаргана.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

одоо болио хөгшөөн

С.Эрдэнэ
3 жилийн өмнө
202.126.90.53

Маш зөв энэ нам оршин тогтноё л гэж бодож байгаа бол Алтанхуягийг нэр дэвшүүлэх хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.40

Юун Алтанхуяг вэ? зүгээр байгаарай та

Мөн адилхан Хулгайч
3 жилийн өмнө
202.55.188.83

Хулгайч Алтанхуяг нэр дэвшиж балрах вий дээ.

zochin
3 жилийн өмнө
202.126.89.200

altanhuyag best shuu uur songolt amjilt oldohgui de

Дулмаа
3 жилийн өмнө
202.126.90.45

Ардчилсан нам дээрээ бужигнасан биш 2012 онд ялалт авахад одоогийн баянзүрх дүүргийг самарсан хэсэг залуучууд ажил хийх биш идэх баг бүрдүүлж орж ирсэн нам гишүүдийн үг сонсохгүй буруу ажиллаж эхлэхдээ намын гишүүдээ хууль шүүхээр айлгаж хувийн бичлэгээр залхаан цээрлүүлж эхэлсэндээ одоо тэгээд ичихгүй өшөө том том шилдэг мундаг зүйл яриад төрөл арилжиж гарч ирэхгүй юм даа харахаас ой гутаж байна гишүүдээ доромжилж дураараа намаас нэрийн хасдаг нас барьсан хүн бүртэгдэгээ болимоор

Дулмаа
3 жилийн өмнө
202.126.89.71

Ардчилсан намын ууган гишүүн иймэрхүү хүмүүсээс болж намын гадна үлдэж хохирч байна намын үүрийг хувын өмч болгосон гишүүдээ шүүхээр залхаан цээрлүүлсэн баримтийг дэлгэх юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.