Мексик улсад "Спутник V" коронавирусийн эсрэг вакцины хуурамч хувилбар байсныг орон нутгийн албаны хүмүүс илрүүлэн, хураан авсан гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.
Мэдэгдэлд "Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нь хуурамч вакцины багцыг олж илрүүлсэн Мексикийн Засгийн газар, гаалийн байгууллага болон зэвсэгт хүчинд талархал илэрхийлж байна" гэсэн байна. Мексикийн эрх баригчдын хурааж авсан хуурамч вакцины загвар болон баглаа боодол нь ОХУ-ын "Спутник V" вакциныг дуурайсан байжээ.
Уг вакцины хуурамч хувилбарыг нийлүүлэх гэсэн оролдлого нь Оросын эм зүйн салбарын эсрэг өдөөн хатгалгын жишээ гэж өнгөрсөн долоо хоногт тус улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Оросын эрх баригчид "Спутник V" вакцины багц бүрийг хамгийн хатуу хяналт дор байлгадаг. Вакцины шил бүр нь өвөрмөц QR кодтой бөгөөд албаныхан вакцины гарал үүслийг шууд тодорхойлох боломжтой" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон ОХУ-ын Засгийн газрын эрх баригчид хуурамч "Спутник V" вакциныг танин, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэлхийн Засгийн газрууд болон түнш байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэсэн юм.
Эх сурвалж: TASS