Чех улсын "Safari Park Dvur Kralove" дахь шимпанзе мичнүүд болон 150 км-ийн цаана орших Брно хотын амьтны хүрээлэнгийн мичнүүд "Zoom"-ээр холбогдон, бие биеийнхээ өдөр тутмын амьдралыг үзэж байгаа аж.
Эдгээр амьтны хүрээлэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард коронавирусийн хязгаарлалтын улмаас хаагдсан бөгөөд сармагчнууд хүмүүстэй харьцах нь багассан байна. Иймээс амьтны хүрээлэнгийн ажилчид тэдний өмнө аварга том дэлгэц суурилуулан, өөр бусад мичнүүдтэй цахимаар холбож өгсөн аж.
Эдгээр "Zoom" дуудлагын дууг нь унтраасан хэдий ч шимпанзенүүд дэлгэц дээрх үйл явдлыг ихээхэн сонирхож байгаа гэнэ. Двур Кралове хотын амьтан арчлагч Габриела Линхартова "Эхэндээ тэд дэлгэц рүү болгоомжилсон, заналхийлсэн байдалтай ойртож байсан хэдий ч харилцан холбоо үүссэн. Түүнээс хойш мичнүүд "Би кинон дээр гарч байна" эсвэл "Би зурагт үзэж байна" гэсэн горимд шилжээд байгаа. Тэд зарим хурцадмал нөхцөл байдлыг хараад хүмүүс спортын арга хэмжээ үзэж байгаа мэт өндийн босож, анхааралтай үздэг" хэмээн ярьжээ.
Мичнүүд мөн "Zoom"-ийн дэлгэц үзэж байхдаа самар гэх мэт амттан идэн, яг л хүмүүс шиг зан авир гаргаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.