Токиогийн зуны Олимпын наадмын уран бүтээл эрхэлсэн дарга Хироши Сасаки нээлтийн арга хэмжээн дээр гарч ирэх инээдмийн жүжигчин Наоми Ватанабег гахайн чих зүүхийг санал болгожээ. Энэ нь махлаг жүжигчин бүсгүйг гутаан доромжилсон үйлдэл гэж Олимпын наадмын зохион байгуулах хорооноос үзсэн тул Сасаки уучлалт гуйн, ажлаа хүлээлгэж өглөө.
Олимпын наадмын зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд ноён Сасаки “жүжигчин бүсгүйд тавьсан санал маань тохиромжгүй үйлдэл байжээ. Түүнийг доромжилсондоо хүлцэл өчиж байна. Жүжигчин бүсгүйгээс гадна таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ ард иргэдээсээ уучлал гуйж байна” хэмээн дурджээ.
66 настай Сасаки Олимпын нээлт болон хаалтын арга хэмжээг хариуцан ажиллаж байсан юм. Түүний жүжигчин бүсгүйд гахайн чих зүүхийг санал болгосон баримтыг Шукан Буншун долоо хоног тутмын сэтгүүлд нийтэлсний дараахан ийнхүү ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.
Олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авсан Секой Хашимото өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна. Хашимото нь Олимпын яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Ёширо Мори эмэгтэйчүүдийг хэт их ярьдаг хэмээн шүүмжилснийхээ төлөө ажлаа хүлээлгэж өгсний дараа шинээр томилогдсон билээ. Хашимото энэ удаагийн Олимпын наадмыг зохион байгуулахад анхаарах хамгийн чухал зүйл нь хүйсийн эрх тэгш байдал байх болно гэдгийг амласан юм.
Ватанабе нь Японы алдартай хошигногчдын нэг бөгөөд олны танил уран бүтээлчдийг дуурайн элэглэдэг гэдгээрээ танигджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.