Улсын Их Хурлын хаврын чуулганы анхдугаар /2021.03.18/ хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа, Дархлаажуулалтын явцын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн.
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дөнгөж сая хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон тул Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн.
УИХ-ын 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөртэй хамт явуулахаар тогтсон байсан. Гэвч СЕХ "Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай хамт уг сонгуулийг явуулах нь сонгууль зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагаа, эрхзүйн орчны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалж, зохион байгуулалтын хувьд хүндрэл үүсэхээр байна. Иймд 28 дугаар тойргийн санал хураалтын өдрийг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан аж.
Иймд 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хорооны гишүүдийн олонх нь энэ саналыг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Зардал хэмнэх үүднээс энэ хоёр сонгуулийг нэгтгэн зохион байгуулах гэж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт, Нөхөн сонгуульд хэдэн төгрөг зарцуулах вэ. Хоёрдугаарт, Яагаад сонгуулийг хойшлуулж байгаа юм бэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж болдог юм уу. Зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль, СХД-ийн нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж байсан. Гэтэл одоо эсрэг юм ярьж, ард түмнээр тоглож байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд болгож өөрчилж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг Н.Энхбаяр даргад анхааруулъя" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад их эргэлзэж байна. Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах ажлыг тус тусад нь зохион байгуулж, хойшлуулж байгаа нь улс төрийн зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдон гэдгийг хуулиараа өөрчилж байгаа. Зургадугаар сарын 9-нд сонгуулиа хийчхээд долдугаар сард хүртэл хүлээж байгаад тангараг өргөх юм уу. Ингэж хууль дээдлэх зарчмаа алдагдуулж байх юм уу" гэлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Хоёр сонгуулийг хамтатган явуулахаар зохицуулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн. Зардлын хувьд тус тусдаа хийвэл илүү их гарах нь ойлгомжтой. Тооцооллоо шинээр гаргаж дахин өргөн барьж танилцуулна. Гэхдээ хамтад нь нэг өдөр санал хураалт явуулахад хүндрэл үүсэхээр байна. Учир нь уг хоёр сонгуулийг хоёр тусдаа хуулиар, өөр өөр зохицуулалтаар зэрэгцүүлж зохион байгуулах нь их хүндрэлтэй байна. Гол нь техникийн хувьд асуудал их үүснэ. Санал тоолох төхөөрөмж, иргэдийн мэдээллийг унших төхөөрөмжийн хүрэлцээ байхгүй тул саналын дүн гарахад эрсдэл үүснэ. Эрхзүйн зохицуулалтын харьцуулалтыг гаргаад УИХ-ын даргын нэр дээр энэ саналаа ирүүлсэн юм" гэлээ.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 35 нь дэмжсэнээр 51,4 хувийн саналаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.